• УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзсан Н.Номтойбаярын хэрэг юу болов

    УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ өөрөө татгалзсан Н.Номтойбаярын хэрэг юу болов. Улсын Ерөнхий прокурор Жаргалсайхан Н.Номтойбаярыг УИХ-ын гишүүнээс нь түдгэлзүүлэн шалгах хүсэлт гаргаад байсан ч тэр өөрөө бүрэн эрхээсээ татгалзсан билээ.

    Гэвч түүнээс хойш Н.Номтойбаярын орооцолдсон хэргүүд таг чиг болчихов. Харин эсрэгээрээ Г.Батхүү агсаны хүү, охин хоёр болон өмгөөлөгчид нь мөрдөн байцаалтын нууц задласан хэмээн хэрэг үүсгэх гэсэн нэг тохиолдол гарсан.

    Н.Номтойбаярын ХНН-ын сайд байхдаа хөрөнгө шамшигдуулсан болон Г.Батхүү агсан ордны гонхноос унаж нас барсан хэрэг дээр худал мэдүүлэг өгсөн хэмээх хоёр ч асуудал дээр хэрэг үүсгэн шалгаж байгаа гэдэг. Энэхүү хэргийн явц ямар байгаа нь эдүгээ тодорхой болсонгүй. Уг нь УИХ-аас түдгэлзүүлээд хорьчихдог хуулийнхны арга энэ удаа Н.Номтойбаяр дээр хэрэгжсэнгүй.

    Монголын хамгийн хөрөнгөлөг хүний өв залгамжлагч болох түүнийг тэрбум төгрөгийн хандив МАН-д өгөөд дэд сайдаас эхлээд УИХ-ын гишүүн, сайд болсон тухай ярьдаг. Тэр өөрөө ч энэ тухай УИХ дээр Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй хэрэлдэж байхдаа ярьж байсан билээ.

    Гэвч Н.Номтойбаярыг УИХ-ын гишүүнээсээ татгалзахын зэрэгцээ МАН ч түүнийг намаасаа хасч орхисон. Гэвч тэр улстөрөөс холдохгүй гэдгээ илэрхийлсэн.

    Харин коронавирусын дуулиан Н.Номтойбаярын хэргийг ч олны нүд чихнээс холтгоод байна. Гэхдээ түүний хэргүүд ирэх сонгуулиар МАН-ын эсрэг ашиглах АН-ын нэг хөзөр байх нь бол тодорхой юм.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ