• “Эрдэнэт” үйлдвэр COVID-19 өөс сэргийлж, ажилчдынхаа хоолны ширээнд хамгаалалтын хаалт хийжээ

    2020-03-19

    ” Эрдэнэт” үйлдвэрийн  Засвар механикийн заводын удирдлага, ХАБЭА хариуцсан инженер болон тус цехийн ажилчдад халуун хоолоор үйлчилдэг “Таятан фүүд”компанийн ажилтнууд санаачлан, ажилчдын хоолны ширээнд хамгаалалтын хаалт хийж байрлуулжээ.

    Ажиллагсад нэг ширээнд 4 болон түүнээс дээш тоогоор сууж хоол иддэг учир ханиах,найтаах, ярилцахад шүлсээр дамжин эрсдэл үүсэж болзошгүйг тооцож, ийм хаалтаар тусгаарласан гэж“Таятан фүүд”компанийн менежер ярьсан байна.

    “Таятан фүүд”компани нь “Эрдэнэт” үйлдвэрийн Засвар механикийн завод болон Авто тээврийн цехийн Төрөл бүрийн авто машины засварын газрын ажилчдад халуун хоолны үйлчилгээ үзүүлдэг.

    Нэг өдөрт 800-900 хүнийг өглөө, өдөр, оройн ээлжийн гурван удаагийн хоолоор хангаж, 40-50 хүнд зөөврийн хоолоор үйлчилдэг байна.

    “Агаар дуслын болон ахуйн бүхий л замаар хүнээс хүнд дамждаг коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор ариутгал халдваргүйтгэлийг хоолны танхим болон гал тогоонд тогтмол хийхийн зэрэгцээ амны хаалтгүй үеийн эрсдэлийг хязгаарлах үүднээс тусгаарласан хаалтыг ширээ бүрт байрлуулжээ.

    Эдгээр хаалтыг Засвар механикийн заводын моделийн хэсгийнхэн дотоод нөөц бололцоогоо ашиглан, нимгэн модон хавтангаар хийж өгсөн” гэж “Таятан фүүд”компанийн Салбар хариуцсан менежер Ц.Үүрийнтуяа нэмж хэлэв. Түүнчлэн хоолны танхим,дотоод орчин, агааржуулалт, сандал ширээ болон бусад хатуу гадаргуут эд зүйлсийн ариутгалд онцгой анхаарч, ажилчдын гарыг санитолоор тогтмол ариутгасны дараа халуун хоолоор үйлчилж буйгаа онцоллоо.

    Эх сурвалж:www.erdenetinfo.mn

     

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ