• “Өнөө шөнө ирэх Истанбул-Улаанбаатарын онгоцоор биеийн байдал нь хүнд нэг хүүхэд ирнэ”

    2020-03-18

    Эрүүл мэндийн яам COVID-19 тэй холбоотой сүүлийн үеийн мэдээлэл өгдөг ээлжит хэвлэлийн хурлаа хийлээ.

    Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргалын өгсөн мэдээллийг хүргэе.

    Өнөөдрийн байдлаар 1,337 иргэн ажиглалтын байранд байна. Нэгдүгээр сарын 9-нөөс хойш нийт 300 тохиолдлыг сэжигтэй гэж үзэн шинжилгээнд хамруулж, таван тохиолдлын онош батлагдсан.

    Өнөө шөнө Истанбул-Улаанбаатарын онгоцоор ирэх иргэдийн тоо тодорхой биш байна. Бидэнд урьдчилсан байдлаар 252 зорчигч ирнэ гэсэн мэдээлэл өгсөн.

    Эдгээр иргэнийг “Зүчи” зочид буудал, Бага баянгийн амралтын газар, Асралтмед эмнэлэгт тусгаарлана. Бэлтгэлээ хангаж байна. Голомтот бүс нутгаас ирсэн иргэдийг ХӨСҮТ-д, эмнэлгийн тусламж шаардлагатай иргэдийг Цэргийн төв эмнэлэгт тусгаарлана.

    Урьдчилсан байдлаар бидэнд  биеийн байдал нь хүнд нэг хүүхэд ирнэ гэсэн  мэдээлэл өгсөн.  Эрчимт эмчилгээний эмчийг шаардлагатай тохиолдолд тусламж үзүүлүүлэхээр явуулсан.

    ОХУ-аас ирэх иргэдийн тоо нэмэгдэж болзошгүй байгаа учраас Алтанбулаг боомтоор орж ирэх иргэдийг Дархан-Уул, Сэлэнгэ аймагт зочид буудал, тусгаарлах байр эмнэлгийн мэргэжилтнүүдийг холбогдох албаныхантай хамтран бэлтгэж байна.

    ДЭМБ-ын аргачлалаар халдвар тархах, хүндрэх, маш хүндрэх үед авах арга хэмжээг тооцоолж байна. Улсын хэмжээнд эрчимт эмчилгээний 600 ор байгаагаас хүүхдийн болон амаржих эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх орыг хасаад үлдсэнг нь COVID-19 халдварын үед ашиглах талаар төлөвлөлт хийсэн.

    Өнөөдөр 15:00 цагаас БНХАУ-ын эрдэмтэд, эмч нартай цахим хурал хийнэ. Тус хурлаар эмчилгээнд ямар эм тариаг түлхүү хэрэглэж үр дүнд хүрэв гэдгийг ярилцана.
    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ