Forbes:Дэлхийн улс орнууд ард иргэдээ маш сайн хамгаалж байгаа нүүдэлчин Монголоос суралцах хэрэгтэй

2020-03-17

“Forbes” веб сайтад манай улсын одоогийн нөхцөл байдал болон Хятад улсад анх Covid-19-ийн тохиолдол бүртгэгдсэнээс хойш авч хэрэгжүүлсэн болон хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх нэгэн нийтлэл гарчээ. Нийтлэлийг товчлон орчуулан хүргэе.

БНХАУ-тай хил залгаа оршдог Монгол улс өнөөг хүртэл хэрхэн яаж  коронавирусын  дөрөвхөн тохиолдолтой байна вэ? Учир нь тэд маш хурдан хариу арга хэмжээ авч чадсан.

Хамгийн эхний тохиолдол нь Франц улсын иргэн тус улсад ажлын шугамаар нэвтэрч, Дорноговь аймагт байхдаа шинж тэмдэг илэрч, улмаар гуравдугаар сарын 9-ний өдөр халдвартай гэдэг нь тогтоогдсон. Францын иргэний хувьд тэндээ эмчлүүлэхээр шийдсэнээр одоо тус улсын ХӨСҮТ-д тусгаарлагдан эмчлэгдэж, хамгийн сүүлийн мэдээллээр биеийн байдал нь тогтвортой байна.

Халдвартай франц иргэнтэй хамгийн ойр харилцсан нэгдүгээр хавьтлын 207 хүнийг илрүүлж, шинжилгээ хийхэд бүгд халдваргүй гэж гарсан боловч Монголын мэдээллийн агентлаг Монцамэ дээр мэдээлснээр “Францын иргэнтэй ойр байсан хоёр хүн эрүүл мэндийн байгууллагаас өгсөн зөвлөмжийг үл тоон Дорноговь аймгийн нутаг дэвсгэрийг орхисон. УОК-ын гишүүд тэрхүү хоёр хүнд хуулийн дагуу хариуцлага тооцохоо мэдэгдсэн” гэж бичжээ.

Ийнхүү мэдэгдсэн нь Монгол улсын Засгийн газар коронавирусын асуудалд маш нухацтай хандаж байгааг харуулж байгаа юм. Бүр маш нухацтай шүү.

Гэхдээ үүнээс ч өмнө тухайн франц иргэн нь тус улсын хэд хэдэн газраар зорчсон нь тогтоогдож Монгол улсын иргэд болон гадаадын иргэдийн хооронд хурцадмал байдал үүссэн юм. Гэхдээ энэ нь удаан үргэлжилсэнгүй.

Удалгүй монголчууд тайвширч, түүнд Анх-Отгон буюу First-Last хэмээн нэрлэжээ.

Гэвч Анх-Отгон нь сүүлийнх байсангүй. Өнөөдөр Франц болон Германаас чартер нислэгээр ирсэн иргэдээс гурав нь коронавирусын халдвартай гэдэг нь тогтоогджээ. Зорчигчдыг онгоцноос буунгуут нь тусгаарлаж, шаардлагатай эмчилгээг хийж байна.

Дэлхий даяар коронавирус “цар тахал” гэж зарлахаас өмнө ДЭМБ-аас улс орнуудын Засгийн газруудыг “шуурхай бөгөөд шаргуу” тэмцэхийг анхааруулсны дагуу Монгол улс ч яг тэгж л ажилласан. Тэгэхдээ сайн ч гүйцэтгэв. Энэ нь Засгийн газрын одоо хийж чадах хамгийн сайн зүйл бол ард иргэдээ хамгаалах гэдгийг батлан харуулав. Click To Tweet

Монгол улс нэгдүгээр сараас эхлэн урьдчилан сэргийлэх арга хэмжээг дэс дараатай авч эхэлсний нэг нь Хятадтай хилээ хаасан явдал юм. Ингэснээр тэд Хойд Солонгосын дараа хилээ хаасан хоёр дахь улс болжээ. Click To Tweet Улмаар нэгдүгээр сарын 27-ноос эхлэн бүх сургуулиудыг хаах шийдвэр гаргав.

Үргэлжлүүлэн Засгийн газраас авч хэрэгжүүлсэн бүх арга хэмжээг тоочин бичжээ. Мөн Ерөнхийлөгч Х.Баттулгын БНХАУ-д айлчлаж, 30 мянган хонь бэлэглэснийг дурьджээ.

Хүн болгон сандралдаж байх ёстой газар, хүнсний дэлгүүрүүдэд хоол,хүнсний бараа бүтээгдэхүүн элбэг байна. 00-ын цаас ч дууссангүй.

Нийтлэлийг бичсэн аялагч гэж өөрийгөө тодорхойлсон Breanna Wilson-ы хувьд гуравдугаар сарын 5-ны өдөр Монгол улсаас нисчээ. Харин нисэх буудал руу орох гэтэл үүдэнд байсан албаныхан маскгүй гээд оруулаагүй гэнэ.

“Нисэх буудлын автомат хаалгууд дээрх тусгай хамгаалалтын хувцастай ажилтан нар хүмүүсийн дулааныг хэмжиж байлаа. Намайг маскаа ам,хамраа бүрэн халхалж, зөв зүүсэн эсэхийг мөн шалгав” гэжээ.

Өнөөдрийн байдлаар аймаг,хот хоорондын зам нээгдсэн боловч Улаанбаатар луу орж байгаа иргэн бүрээс асуумж авч, биеийн халууныг нь хэмжиж байна.

Сүм хийд, баар, саун, зочид буудал болон спортын клуб,үзвэр үйлчилгээний газруудыг гуравдугаар сарын 30-ныг хүртэл хаасан хэвээр байна.

Гэтэл АНУ-ын хувьд гадаадын улс орноос ирж буй иргэдээ хяналт,ажиглалтад авах, шинжилгээнд хамруулах тал дээр асуудал дагуулсан хэвээр байна.

Зөвхөн АНУ ч гэлтгүй дэлхийн бүх улсын ард иргэд нь айж,сандарч, Засгийн газраасаа хариулт хайж байгаа энэ үед нүүдэлчин үндэстэн хэрхэн иргэдээ түргэн бөгөөд үр дүнтэй хамгаалж чадаж байгаагаас нь суралцах хэрэгтэй.

Эх сурвалж:Forbes

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ