• Сонгууль-2020: Булганы МАН будилсаар АН торойх уу

    Албан ёсоор тогтоосон товоор бол УИХ-ын ээлжит сонгууль зургадугаар сарын 24-нд болох ёстой. Коронавирусын халдвар Монголд орж ирэхгүй, дэлхий нийтэд намжчих юм бол сонгууль болдгоороо болж таарна.Хэдийгээр хөл,хорио тогтоож, улстөрчид тойрогтоо ажиллах боломжгүй, олон хүний бөөгнөрөл үүсгэхгүй байгаа ч битүүхэндээ бүгд сонгуульдаа бэлдэж байна.

    Тиймээс gereg.mn сайтын улстөрийн тоймч 26 тойрогт аль намаас хэн хэн нэр дэвших талаарх тоймыг цувралаар хүргэж байна.

    Булган аймаг 90 орчим мянган хүн амтай. Булганыхныг будилаантай, будаан дээрээ зодоонтой гэх нь бий. Тэгэхдээ УИХ-ын сонгуулиар будилсан асуудал гардаггүй. Өмнөх сонгуулиар тус аймаг УИХ-ын нэг мандаттай тойрог болж байлаа. Харин энэ 2020 оны сонгуулиар дахин хоёр мандаттай болж байгаа. Тус аймгийн сонгогчид өмнөх долоон удаагийн сонгуульд МАН-д бүгдэд нь итгэсэн. Анхдагчдын өлгий гэгддэг Булган аймаг түүхч академич Ж.Болдбаатар, Монголын анхны бөгөөд цорын ганц сансарын нисгэгч Ж.Гүррагчаа, УИХ-ын дарга агсан Л.Энэбиш дараа нь түүний хүү Э.Мөнх-Очир нарыг сонгож байсан.

    Өнгөрсөн 2016 оны нэг мандаттай сонгуулиар МАН-аас Ж.Бат-Эрдэнэ, АН-аас одоогийн МҮХАҮТ-ын дарга О.Амартүвшин, МАХН-аас Б.Шижирбаатар, ЭОНЭ-ээс М.Болормаа нар өрсөлдсөн .

    Энэ удаа ч Булганы тойрогт МАН өнгөлөх магадлалтай ч энэ удаа нэр дэвшигчдээс АН-ынх чанга хүмүүс байгаа. МАН-аас Ж.Бат-Эрдэнэ дахин өрсөлдөж магадгүй. Харин хоёр дахь мандат дээр хэн нэр дэвших нь одоогоор тодорхойгүй байгаа.

    “Сод Монгол”-ын Ц.Анандбазар ээжийн нутаг хэмээн элгэмсэж Булганаар өнгөрсөн жилээс гүйдэлтэй болж усалгаа их хийх болсон гэдэг. Оны өмнө “Сод Монгол” Булганыхны бинзен шатахууны хэрэглээг нэг хэсэг хангасан сураг дуулдсан. Энэ тухай бас л тэнд УИХ-д нэр дэвшчих санаатай яваа хуульч Б.Гүнбилэг жиргэж байсан удаатай. Мөн Э.Мөнх-Очир ч түүнийг энэ нутгийнх биш гээд Нутгийн зөвлөлөөс албан ёсоор гарсан тухай сошиалд бичсэн нь бий.

    Гэхдээ Ц.Анандбазар МАН-аас нэр дэвших үү, МАХН-аас нэр дэвших үү гэдэг одоо ч тодорхой бус. Өмнө нь 2012 оны УИХ-ын сонгуулиар Ц.Анандбазар МАН-аас Дорноговь аймагт нэр дэвших эрх авсан ч түүнийг баривчилж хорсон бөгөөд сонгуулийн маргааш хэрэг хийгээгүй гээд суллачихсан юмдаг.  Тэгэхээр МАН түүнд “өртэй” гэсэн үг.

    Ц.Анандбазар МАХН-ын дарга Н.Энхбаярын төгссөн Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургууль төгсөж, мөн л түүний дэмжлэгээр улстөр, бизнест орсон гэдэг. Тиймээс л МАХН-аас нэр дэвшиж магадгүй гээд байгаа хэрэг. Мөн Ж.Болдбаатар академичийн хүү хуульч Б.Гүнбилэгт ч МАН мандат олгох эсэх тодорхой бус байгаа.

    Тэгвэл АН-аас энэ удаагийн сонгуульд Олимпын аварга Н.Түвшинбаяр нэг мандат дээр нь явахыг хүсч байгаа гэх. Х.Баттулгын хүн, Булганы анхдагчдын тод төлөөлөл болсон түүнийг нэр дэвшүүлэх сураг дуулдсаар л байгаа.

    Харин хоёр дахь мандат дээр О.Амартүвшин явах боломжтой ч Э.Мөнх-Очирын нэр дуулдах болоод байна. МАН-аас гараад удаагүй байгаа тэрбээр Ерөнхийлөгч Х.Баттулгын зөвлөхөөр томилогдсон нь ийм яриа гарахад хүргэсэн. Тэрбээр өнгөрсөн жил Булганы нийслэл дэх Нутгийн зөвлөлийг дахин удирдах болсон билээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ