• ШӨХТГ-аас шатахуун импортлогчдод үнээ буулгах шаардлага хүргүүллээ

    ШӨХТГ-ын дарга Б.Лхагва цаг үеийн асуудлаар мэдээлэл хийхдээ “ШӨХТГ-аас Роснефть компаниас газрын тосны бүтээгдэхүүн импортолж оруулж ирж байгаа аж ахуй нэгж байгууллагуудад шаардлага мэдэгдэл хүргүүлсэн.

    ОХУ-ын Роснефт компанийн үнэ 2020 оны гуравдугаар сард А80 бензины үнэ тонн тутамдаа 538 ам доллар, А92 569 ам доллар, дизель түлш  566 ам доллар болж өнгөрсөн хоёрдугаар сартай харьцуулахад А80 болон А92 бензин тонн тутамдаа 58 ам доллар, дизель түлш 86 амдоллараар тус тус буурсан байна.

    Ашигт малтмал газрын тосны газраас 2020.03.10-ны өдөр ирүүлсэн Монгол Улсын хэмжээнд борлуулж байгаа газрын тосны бүтээгдэхүүний жижиглэнгийн дундаж үнийн хэмжээ А80 1730, А92 1835, дизель түлш 2460 төгрөгөөр борлуулагдаж байна.

    Ингээд тооцоход А 80 литр тутамдаа 198 төгрөг, А92 194 төгрөг, дизель 335 төгрөгийн ашигтай байна. Иймд ШӨХТГ-аас 03.10-ны өдөр хэрэглэгчдийн  эрх ашгийг хүндэтгэн өөрийн төв болон орон нутгийн салбар нэгжүүдэд борлуулж буй бөөний болон жижиглэн борлуулалтын үнийг гадаад хилийн үнэтэй дүйцүүж бууруулах, авсан арга хэмжээгээ 03.22-ны дотор ирүүлэхийг аж ахуй нэгж, шатахууны компаниудад хүргүүлээд байна.

    Түүнээс гадна өнгөрсөн өдрүүдэд аж ахуй нэгж, байгууллагуудад хяналт шалгалт хийж байхад тодорхой дутагдлууд илэрч байна. Онцгой комиссоос тавьж буй шаардлагыг аж ахуй нэгж, иргэн бүр дагаж мөрдөх ёстой.

    1. Худалдаа үйлчилгээ эрхлэх, эм ханган нийлүүлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгж байгууллагууд маш олон байна. Эрх үүрэг хариуцлагыг нь тусгай зөвшөөрлийн журамд нь тодорхой зааж, хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллах хэрэгтэй байна. Эмийн сан ажиллуулах эрх авсан юм бол шаардлага хангасан эм авах, цаашид үнээ нэмэхгүй байх үүрэг хариуцлагаа ухамсарлах хэрэгтэй байна. Зарим эмийн сан 4500 төгрөггийн үнэтэй гар ариутгагчаа 11500 төгрөгөөр зарж байна. Шаардлага тавихад тэгвэл энэ бүтээгдэхүүнийг зарахаа болилоо гэх хариулт хэлж байна. Ийм юм байж таарахгүй. Тусгай зөвшөөрөл авсан бол та , танай байгууллага төрийн өмнө ажил хариуцсан. Хэрвээ хариуцлагатай үйлчилгээ үзүүлж чадахгүй бол тусгай зөвшөөрлөө өгөх ёстой гэдгийг сануулсан.
    2. Цэвэрлэгээ, ариулгал хангалтгүй байна. Мэргэжийн хяналтынхан шаардлага тавьж байгаа ч Монголын хууль гурав хоног гэдэг шиг байдалтай байна. Ил мах, хүнсний бүтээгдэхүүнд ямар нэг хаалт хамгаалалт тавьсан юм байхгүй үйлчилгээ үзүүлж байна. Кассан дээр очоод үнэ асуухад үнийг нь дур зоргоороо хэлдэг байдал ажиглагдаж байна. Эмийн сан гэхэд хэдийгээр баримт өгч байгаа ч иргэд эм авахаасаа өмнө тухайн эмийг ямар үнэтэй вэ гэдгийг мэдэж, тооцоолол хийх боломжийг бүрдүүлэхгүй байна.
    3. Махны гарал үүсэл, шинжилгээниы бичиг зарим газар байхгүй. Байсан нь ил тод тавиагүй байна. Нэгэнт та найман нэрийн дэгүүр ажиллуулах тусгай зөвшөөрөл авсан бол тавигдаж байгаа шаардлагыг өдөр тутам хэрэгжүүлж ажиллуулах шаардлагатай. Нээлт хийхдээ маш сайхан орчин үзүүлчихээд дараа нь орхидог байж болохгүй. Төрийн байгууллагууд хяналтаа тавьж ажиллах ёстой. Хэрвээ шаардлага биелүүлэхгүй бол тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авч ажиллах ёстой гэдгийг мэдэгдэж байна.

    Ямар нэг зөрчил дутагдал илэрвэл ШӨХТГ-ийн 115 дугаарт иргэн та санал бодлоо шуурхай хэлэхийг хүсч байна“ гэв.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ