• Х.Батсуурь:Дэлхийд газрын тосны үнэ нэг дахин буурсантай холбоотойгоор Монголд ч бензиний үнэ буурах ёстой

    2020-03-16

    Эдийн засагт Х.Батсуурь коронавирусын нөхцөл байдлын дүнд эдийн засагт ямар өөрчлөлт гарсан, түүнийгээ дагаад ам.долларын ханш, бензиний үнэ яагаад буурах ёстой талаар тайлбарлалаа.

    1.Алтны тушаалт нь гадаад вальютын нөөцийг шууд өсгөдөг

    Хил хаасан хоёр сард Монголбанкинд тушаадаг алтны хэмжээ 10 дахин ихэссэн нь сайн мэдээ. Гэвч хил хаачихсан байхад ингэж өссөн үзүүлэлт нь алт бол хууль бусаар хил давж наймаалагддаг байсныг харуулж байна. Өөрөөр хэлбэл, алтны салбар ихээхэн асуудалтай гэдгийг харуулж байна.

    Алтны нөөц шууд утгаараа гадаад вальютын нөөцийг өсгөдөг.

    Гадаад вальютын нөөц 4.5 тэрбум ам.долларт хүрч, мөн Монголбанкинд тушаагдсан алтны хэмжээ дээд хэмжээндээ буюу 4.5 тоннд хүрсэн байна.

    Олон жилийн дундажтай харьцуулахад алтны тушаалт 4 дахин өссөн.

    2.Гадаад вальютын эрэлт багасаж, алтны нөөц нэмэгдчихсэн үед ам.долларын ханш буурах ёстой

    Нөгөө талдаа импортын хэрэгцээ сардаа 500 сая ам.доллар байдаг. Гэтэл сүүлийн байдлаар хэрэгцээ нь 100 сая ам.доллараар багассан байна. Хэрэглээ нь багасаж байгааг дагаад гадаад вальютын эрэлт багасаж байдаг.

    Гадаад вальютын эрэлт багассны дээр алтны дотоод нөөц нэмэгдсэн зэрэг нь ам.долларын ханш буурах нөхцлийг бүрдүүлж байна.

    Яагаад буурахгүй байна вэ?

    3.Дэлхийд нэг баррел газрын тосны үнэ 70-30 ам.доллар болж буурсан байхад бензиний үнэ буурах ёстой

    Дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ эрс буурсан байна.

    Оны эхэнд нэг баррел газрын тос 70 орчим ам.доллар байсан бол өнөөдрийн байдлаар 30 ам.доллар болж буурсан. Энэ үзэгдэлтэй холбогдоод бензиний үнэ буурах ёстой.

    Үнэхээр чөлөөт өрсөлдөөн, зах зээлийн журмаар явж байгаа бол бензиний үнэ буурах ёстой.

    Гэтэл ам.долларын ханш өсөөд, бензиний үнэ хэвээрээ байдаг. Энэ гаж үзэгдэлд тайлбар хийнэ үү гэж Засгийн газар болон Төв банкнаас хүсч байна.

    Мөн үнэ буурсан энэ цонхыг ашиглаад угтсан арга хэмжэг авч хямд байгаа дээр нь  Засгийн газар бензинээ нөөцөлж, үнийн өсөлтөөс сэргийлэх боломжтой гэдгийг зөвлөе.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ