• Ж.Батзандан: УИХ-ын ээлжит бус чуулганыг яаралтай хуралдуулъя

    УИХ дахь “ШИНЭ” намын зөвлөлөөс өнөөдөр мэдээлэл хийв.  Тус намын дарга Ж.Батзандан “Олон улсын тээврийн бизнесүүд үндсэндээ дампууралд оржээ. Зочид буудал, ресторан, түрээслэгчид, зээлтэй иргэдийн нөхцөл байдал эрс хүндэрсэн гэсэн мэдээллүүд өдөр бүр УИХ-ын гишүүдэд ирэх боллоо. Зээлдэгчид зээлийн хүүгийн төлбөрөөс чөлөөлөгдөх хүсэлтээ өдөр бүр хэлж байна. Чанаргүй зээлийн хэмжээ өнгөрсөн оны мөн үеэс найман хувиар өссөн гэсэн мэдээлэл байгаа. 

    Төсвийн орлогын  алдагдал эрс нэмэгдэж, өдгөө 600 тэрбум төгрөгөөр тасалдах байдал ажиглагдаж байна.  Эдийн засгийн нөхцөл байдал эрс хүндэрлээ. Энэ хүрээнд онцгой нөхцөлийн зээлийн багц гаргах зайлшгүй шаардлагатай гэж Засгийн газарт санал хүргүүлж байна. Аж ахуй нэгжүүдийг татвар түрээс, зээлийн хүүгийн бодлогоор дэмжих шаардлагатай.

    Төсөвт тодотгол хийж , төсвийн алдагдал, зарлагыг эргэн харж, УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулж, асуудлыг ил тодоор ярилцах шаардлагатай гэж “ШИНЭ” намын зөвлөл үзэж байна.

    Ээлжит бус чуулганыг нийт гишүүний гуравны нэг нь дэмжих, эсвэл Ерөнхийлөгч, УИХ-ын даргын санаачилгаар хуралдуулна гэж заасан байдаг. Иймд “ШИНЭ” намын зөвлөлөөс ээлжит бус чуулганыг яаралтай хуралдуулахыг, эдийн засагт тулгамдаад байгаа асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэхийг шаардаж байна” гэлээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ