• Төсөв нь дөрөв дахин танагдаж батлагдсан АШУҮИС-ийн Сургалтын эмнэлэг хаалгаа барихад хүрээд байна

    2020-03-16

    Өнгөрсөн оны зургадугаар сарын 16-нд Монгол-Японы хамтарсан  Сургалтийн эмнэлэг буюу АШУҮИС-ийн Сургалтын эмнэлгийн нээлт болж, албаныхан  ёслол төгөлдөр  тууз хайчлан хүлээн авч байв.

    Энэ бол Монгол Улсын эрүүл мэндийн салбарын түүхэнд шинэ хуудас нэмсэн үйл явдал байлаа. Монгол Улс анх удаа цорын ганц  их сургуулийн эмнэлэг гэсэн  статустай  эмнэлэгтэй болсон хэрэг.

    Монгол-Японы хамтарсан эмнэлэг өнгөрсөн аравдугаар сараас хаалгаа нээж, Баянзүрх дүүргийн 9,10,12,13,26 дугаар хорооны иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлж эхэлсэн.

    Монголдоо л хамгийн гоё, хамгийн тохилог, хамгийн сайн тоног төхөөрөмжтэй гэсэн тодотголыг Монгол-Японы хамтарсан эмнэлэгт иргэд өгч,  үйлчилгээнд нь  сэтгэл хангалуун байв.

    Гэвч тус эмнэлэг энэ сарын 20-ноос хаалгаа барихаас өөр аргагүй нөхцөл байдал үүсчээ.

    Энэ талаар АШУҮИС-ийн Зүрх судлалын тэнхимийн эрхлэгч, Монгол-Япон сургалтын эмнэлгийн Зүрх судасны тасгийн эрхлэгч, Анагаах ухааны доктор, дэд профессор Ө.Цолмон хэвлэлд өгсөн ярилцлагадаа “2020 оны төсөв батлахдаа Сургалтын эмнэлгийн урсгал зардлыг 4 дахин танасантай шууд  холбоотой. Төсөв танасан учраас бид ажилчдынхаа цалинг ч тавих боломжгүй болоод  байна. Тиймээс энэ сарын 20-ноос хаалгаа барихаас өөр аргагүй нөхцөл байдал үүссэн” хэмээжээ.

    АШУҮИС-ийн эмнэлгийн захиргаа нэг, хоёрдугаар сард 516 сая төгрөгийн өр тавьж, амбулаторийн тусламж үйлчилгээ явуулах боломжийг бүрдүүлсэн байна.  Гэвч  өнөөгийн байдлаар эмнэлгийн хэрэгсэл, урвалж худалдан авах,  ажилтнуудад  цалин олгох боломжгүй нөхцөл байдал үүсээд байгаа аж.

    Тус сургуулийн удирдлагууд 2020 онд шаардлагатай 17.9 тэрбум төгрөгийн урсгал зардлын төсвийг хугацаандаа ЭМЯ-нд өгсөн ч  төслийн санал нь ЭМЯ, Сангийн яам, Засгийн газраар дамжаад УИХ-аар Улсын төсөв хэлэлцэх явцад дөрөв дахин танагдаж, 4.5 тэрбум төгрөг болж батлагджээ.

    Эмнэлгийн санхүүжүүлэлтийн асуудлыг шийдвэрлүүлэхийн  тулд  өнгөрсөн  хоёрдугаар сарын 5-нд 310 ажилтны гарын үсэг бүхий албан бичгийг  Ерөнхий Сайд У.Хүрэлсүхэд хүргүүлж, санхүүжилтээ шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэхийг  хүссэн байдаг.

    Уг асуудллыг шийдвэрлэхийг  ЗГХЭГ-аас Эрүүл мэндийн яаманд даалгасан боловч яамнаас  ямар нэгэн хариу өнөөг хүртэл  өгөөгүй байна.

    Үндсэндээ 2020 оны Улсын төсөвт тодотгол хийдэггүй л бол юм бол Сургалтын эмнэлгийн санхүүжилтыг шийдэх  боломжгүй.

    Сангийн сайд Ч.Хүрэлбаатар төсөвт тодотгол   хийхгүй гэдгээ удаа дараа мэдэгдсэн.

    Харин яагаад анхнаасаа тус эмнэлгээс оруулж ирсэн төсвийг 4 дахин танасан бэ  гэдэг асуултад Сангийн яам, ЭМЯ тайлбар хийх биз ээ.

    АШУҮИС-ийн эмнэлгийн барилгын ажил “Монгол-Япон сургалтын эмнэлэг” төслийн хүрээнд 2016 оноос  баригдаж эхэлсэн.    Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар эмнэлгийн барилга, тоног төхөөрөмж, менежментийн төсөлд 7.9 тэрбум иен буюу 174 тэрбум  орчим  төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийсэн.

    Түүнчлэн  Япон улсын буцалтгүй тусламжаар 360 гаруй нэр төрлийн тоног төхөөрөмж нийлүүлэгдсэний дотор сүүлийн үеийн өндөр хүчин чадал бүхий MRI, компьютер томограф зэрэг дүрс оношилгооны тоног төхөөрөмж, судсан дотуурх оношилгооны иж бүрдэл, лабораторийн бүрэн автомат анализатор болон бусад тоног төхөөрөмжүүд нийлүүлэгдсэн.

    Гаднын улсын хөрөнгө оруулалтаар Монголд байхгүй Сургалт, судалгаа шинжилгээний эмнэлэгтэй болсон байхад шаардлагатай төсвийг нь хэд дахин танаж баталснаас болж, хаалгаа барихаар болсон нь харамсалтай.

    АШУҮИС дэргэдээ сургалтын бааз эмнэлэгтэй болсноор Монгол Улсад байхгүй тогтолцоог бий болгосон гэсэн үг. Өөрөөр хэлблсын эл, Япон Улсын Их сургуулийн эмнэлгийн тогтолцоог бий болгох гэж анхнаасаа зориулагдсан. Энэ нь ч биелэсэн.

    Ард иргэдэд эмчилгээ, үйлчилгээ үзүүлэхээс гадна Монголын хамгийн анхны сургалтын эмнэлэг гэдэг утгаараа дараах гурван төрлийн чухал үүргийг гүйцэтгэх үүрэгтэй.

    • Эмнэл зүй – ур чадвар болон чанарын өндөр түвшинд эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлэх,
    • Сургалт- төгсөлтийн өмнөх, төгсөлтийн болон төгсөлтийн дараах эмнэл зүйн сургалт явуулдаг сургалтын байгууллага
    • Судалгаа-эмнэлгийн тусламж, үйлчилгээ болон иргэдийн эрүүл мэндийг дэмжих, сайжруулах, эмнэл зүйн шинэ нээлтүүдийг хийхэд хувь нэмэр оруулах эрдэм шинжилгээ, судалгааны байгууллага болохыг хэлж байгаа юм.

    Төсвийг нь танаж баталснаас болж, хаалгаа баривал ард иргэдээс эхлээд тус сургуулийн суралцагчид ч хохирох нөхцөл байдал үүсээд байна.

     

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ