• Монголбанкны гаргасан шийдвэр зээлийн хүүг бууруулж чадах уу?

    2020-03-13

    Коронавирусээс улбаалсан эдийн засаг, бизнесийн хязгаарлалтууд, экспорт, импортын зогсонги байдал эдийн засгийг доройтуулах уу,энэ байдлаас хэрхэн хохирол багатай гарах вэ гэж нийтээрээ санаа зовж байна. Тэгвэл  Монгол банкны мөнгөний бодлогын хороо 2020 оны 3 дугаар сарын 11-нд бодлогын хүүг 1 нэгж хувиар бууруулан 10 хувьд хүргэж,  банкны төгрөгийн заавал байлгах нөөцийн хувь хэмжээг 2 нэгж хувиар багасгаж, 8.5 хувьд тогтоов. Мөн бодлогын хүүний коридорыг бодлогын хүүнээс +1,-1 нэгж хувийн өргөнтэй болгож нарийсгалаа.

             ЯМАР ҮР ДҮН ГАРАХ БОЛ?                                                               

    МОНГОЛ БАНК:  Энэ удаагийн арга хэмжээ зөвхөн бодлогын хүүг бууруулах биш, мөнгөний бодлогын нөлөөллийг сайжруулах, богино, дунд хугацаанд үйлчлэх үйлчилгээг илүү хүчтэй болгох зорилгоор  гэнэтийн шокны эсрэг авч буй цогц арга хэмжээ.

    Банкны холбооны гүйцэтгэх захирал Л.АМАР: Энэ шийдвэрүүд зээлийн хүүнд ямар ч нөлөөгүй.

    Харин банкуудын  Монгол банкинд  заавал байлгадаг 1.5 их наяд төгрөгнөөс 300 тэрбум төгрөг буцааж зах зээлд нийлүүлэгдэх боломжтой боллоо. Энэ мөнгө дахин санхүүжүүлэх шаардлагатай, хүндэрсэн зээлүүдэд дэмжлэг болно.

    Эдийн засгийн өнөөгийн бэрхшээл банкны зээлдэгчдийн 10-20, жижиг банкуудад зээлдэгчдийнх нь 30 хувьд нөлөөлж байна. Ойролцоогоор 2-3 их наяд төгрөгийн зээлд асуудал гарч байна. Асуудлыг хавтгайруулж, далимдуулж  болохгүй.

    Хөрөнгийн зах зээлийн шинжээч Д.Ангар: Үүгээр ямар ч асуудал шийдэгдэхгүй.

    Дор хаяж 2-3 хувиар буулгах ёстой байсан юм. Улс орны Төв банкууд бодлогын хүүгээ 30 хувиар буулгаж байна. Гэтэл Монголбанк бодлогын хүүгээ 1 хувиар буулгаснаар ямар ч үр дүн гарахгүй. Монголын төр засаг компаниудаа гаргуунд нь хаячихлаа.

     Бизнесийн удирдлагын доктор, эрх зүйч  Б.Лхагважав: Бодлогын хүүг 1 нэгж хувиар бууруулсан нь  эдийн засгийг дэмжихгүй.

    Арилжааны банкуудын нөөцийг 2 функтээр буулгалаа. Гэвч өнөөдөр банкнаас зээл авах компани олдохгүй. Онцгой үед Монголбанк арилжааны банкуудыг удирдах эрхтэй. Арилжааны банкуудыг зохицуулж чадахгүй юм бол Монгол банк гэж байгаад ч хэрэггүй.

    Эдийн засагч Ж.ДЭЛГЭРСАЙХАН:  Эдгээр  шийдвэрийн эерэг нөлөөлөл их биш. Хэт тэлсэн төсөвтэй байгаа нь Монголбанкны зүгээс бодлогын хүүг дорвитой бууруулах орон зайг хязгаарлаж байна.

    Эдийн засагч Х.БАТСУУРЬ: Манайд бодлогын хүүг бууруулснаар бусад улс орнуудад нөлөөлдөг шиг зарчмаар хүчтэй нөлөөлөхгүй.

    Төв банкнаас мөнгөний тэлэх бодлого явуулж, зузаатгал хийх хэрэгтэй. Тодруулбал, онцгой нөхцөлийн зээлийн багц гаргаад коронавирусийн тархалттай холбоотойгоор авч байгаа хязгаарлалтуудад хамгийн их нэрвэгдсэн салбаруудад эхэлж өгөх учиртай.

    Сэтгүүлч Д.Даваадулам

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ