• Л.Наранбаатар:”Эдийн засгийн алуурчин” З.Энхболдын нэр дэвшсэн газар нь очиж өрсөлдөнө

    Эдийн засагч Л.Наранбаатар ЕТГ-ын дарга асан З.Энхболд болон “Страто” компанийн талаар мэдээлэл хийлээ.
    Л.Наранбаатар “Би сонгуульд нэр дэвшинэ. Тэгэхдээ эдийн засгийн алуурчин З.Энхболдын нэр дэвшсэн газар нь очиж өрсөлдөнө” гэж мэдэгдлээ.

    Тэрбээр “З.Энхболд улс төрийн өндөр албан тушаалын эрх мэдлээ ашиглан, өөрийн хамаарал бүхий компаниараа дамжуулан нийтийн эрх ашгийг хохироосон байж болзошгүй мэдээллийг ТЕГ, АТГ, УЕП зэрэг байгууллагад шалгуулахаар хандаж байгаагаа мэдэгдэж байна.

    Нэгдүгээрт, “Страто” компани

    Энэ компанийн гүйцэтгэх захирал А.Баттүшиг З.Энхболдын дүү З.Хишигтогтохтой хамтран ажиллаж, хоёр компанийн гүйцэтгэх захирлаар ажилладаг. Дорноговь аймгийн Шивээ-Овоо суманд орших үйлдвэртээ “Страто” компани нүүрс угаалт явуулж байна.

    Компанийн 37 хувийг З.Хишигтогтохтой хамаарал бүхий А.Баттүшиг эзэмшдэг. Үлдсэн хувийг нь Монгол Улсын хоёр компани эзэмшдэг. 2018 оны тавдугаар сард 1.5 сая тонн нүүрс боловсруулах хүчин чадалтай үйлдвэрийг ашиглалтад оруулсан бол ТЭЗҮ нь тухайн оны арванхоёрдугаар сард гарсан байна.

    Эдийн засгийн тооцооллоор үзвэл жилд 1.5 сая тонн нүүрс угааж бэлдэхэд 740 орчим тэрбум төгрөг болно. Одоогоор үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлж, жилд 4.5 сая тонн нүүрс угаадаг болохоор бэлтгэж байгаа. Хэрэв ингэвэл жилийн орлого нь 2.1 их наяд төгрөг болно.

    “Страто” компанийг З.Энхболд байнга өмгөөлж, хамгаалж ярьдаг. Хамгийн сүүлд эл компани АМНАТ-ыг З.Энхболдоор лоббидуулж мултарсан”.

    Дараагийнх нь “Хишиг арвин”

    Ардчилсан хүчний холбоог З.Энхболд, З.Хишигтогтох, н.Тулгат нар үүсгэн байгуулжээ. н.Тулгат нь 2013 онд “Хишиг арвин” компанийн Гүйцэтгэх захирлаар нь томилогдсон.

    Бизнессийн байгуулагын Гүйцэтгэх захирлаар улс төрийн байгууллагын хүн томилогдсон нь эрүүл бус үзэгдэл гэж харагдаж байна. Энэ компани 2013 оноос хойш хамгийн багадаа 3 их наяд төгрөгийн орлогыг “Эрдэнэс Тавантолгой”-гоос олсон. Үүнд аудит хийлгэхийг шаардаж байгаа.

    Сүүлчийнх нь “Суруга Монгол”

    “Суруга Монгол” компанийн захирал, Япон улсын иргэн гэмт хэрэгт гүтгэгдэн, гэм буруугүй нь тогтоогдож, нутаг буцахдаа компаниа Монголын нөлөө бүхий этгээдүүдэд шилжүүлсэн байдаг. Түүний эзэмшиж байсан газарт нэр бүхий орон сууцны хороолол баригдсан.

    Уг хорооллын таван байрны наймдугаар давхрууд бүхэлдээ З.Хишигтогтохын нэр дээр байна. 4-5 тэрбумын үнэлгээтэй орон сууцууд. Үүний шалтгааныг хууль хяналтын байгууллагууд тогтоох хэрэгтэй.

    -“Страто” компани нь түүхий нүүрсийг угааж, нэмэгдсэн өртөг шингээн гаргаж байгаа нь дотоодын эдийн засагт сайн хэрэг юм биш үү?

    -Энэ бол үндэсний компани биш. Хятадын хөрөнгө оруулалттай компани. “Эрдэнэс Тавантолгой” компани дээр баяжуулах үйлдвэр барих асуудал яригдах бүрт З.Энхболд улс төр хийж байна. Баяжуулах үйлдвэр барихгүй байх нь “Страто”-д л ашигтай.

    -Та хувийн сэдлээр З.Энхболдтой сөргөлдөөд байгаа мэт харагддаг. Энэ талаар юу гэх вэ?

    -Би хувийн сэдлээр биш, хувьцаа эзэмшигч 2.1 сая иргэдийн эрх ашгийн төлөө асуудлыг хөндөж байгаа.

    З.Энхболдыг хамаарал бүхий этгээдээрээ дамжуулан нийтийн эрх ашгийг хохироосон гэх асуудлаар АТГ, Прокурор, ТЕГ-т хандаж байна.

    Posted by Лүндэгийн Наранбаатар on Thursday, March 12, 2020

    gereg.mn

    Холбоотой мэдээ