• Япон, БНСУ-аас 1000 иргэнээ эх орондоо авч ирэхэд 320 сая төгрөг зарцуулна

    БНСУ-д  өнөөдрийн байдлаар Монгол Улсын 48 мянга гаруй иргэн, Япон Улсад 12 мянга гаруй иргэн тус тус урт, богино хугацаагаар оршин сууж байна. Коронавирусийн халдвартай холбоотойгоор Монгол, БНСУ, Японы хооронд бүх шууд нислэгийг түр зогсоосноос улбаалан  гадны улсад  түр хугацаагаар зорчсон, мөн их, дээд сургуулиа төгсөж байгаа иргэд эх орондоо буцах хүсэлтээ Элчин сайдын яаманд  илэрхийлэх болжээ.

    Улсын онцгой комисс энэ сарын 10-ны өдрийн хуралдаанаар Токио болон Сөүлд байгаа нэн тэргүүнд яаралтай буцах шаардлагатай буюу өвчтэй, хөгжлийн бэрхшээлтэй, жирэмсэн, бага насны хүүхэдтэй болон өндөр настай өөрийн иргэдээ тусгай үүргийн нислэгээр эх орон руу нь авчрахаар шийдвэрлэсэн.

    БНСУ, Япон, Европын болон бусад улсад байгаа, хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдээ ойрын хугацаанд Москва, Истанбул хотоор дамжуулан “МИАТ” компанийн онгоцоор авчрах юм. БНСУ-аас 300, Япон-оос 100 хүн, бусад улс орнуудаас нийлээд 1000 гаруй иргэнийг дөрвөн удаагийн чартер нислэгээр авчрах аж. Монгол Улсаас БНСУ, Японд суугаа Элчин сайдын яамд өчигдрөөс эхлэн хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдийг бүртгэж эхэлсэн бөгөөд бүртгэл өнөөдөр 18.00 цагт дуусна.

    Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, Олон нийттэй харилцах албаны дарга Ц.Ганзориг “Өчигдрийн  байдлаар БНСУ-аас хүндэтгэн үзэх шалтгаантай 250 орчим иргэн эх орондоо ирэх хүсэлтээ бүртгүүлсэн байна. Эдгээр иргэдийн ихэнх нь эмнэлгийн тусламж үйлчилгээ авахаар тус улсыг зорьсон иргэд байгаа юм. Нислэгээс өмнө иргэдийг тухайн улсад шинжилгээнд оруулна. Хэрэв халдвар илрэх юм бол тухайн улсад нь эмчлүүлэх дүрэм журмыг нарийн дагаж мөрдөнө.

    Тухайлбал, БНСУ-д шинэ коронавирусийн халдварыг нэг хоногийн дотор илрүүлэх  шинжилгээний зардал нь 160 мянган вон буюу 320 мянган төгрөгийн үнэтэй.  Засгийн газрын нөөц хөрөнгөөс нийт 320 орчим сая төгрөгийг хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдээ эх оронд нь  авчрахад зарцуулахаар болсон. Үүнд дөрвөн удаагийн чартер нислэг, иргэдийн шинжилгээний зардал гэхчлэн бүх зүйлс багтсан.

    Харин иргэдээс өөрсдөөс нь  эх орондоо ирээд 14 хоног тусгаарлагдах хоол, ундны зардал болон нислэгийн зардал гарах юм. Нэг иргэн 14 хоногийн хугацаанд тусгаарлагдах газраасаа шалтгаалаад  дунджаар 31.000-50.000 төгрөг гарна гэж тооцоолсон.  Харин чартер нислэгийн тийзийн төлбөр нэг хүний 254 ам.доллар. Хэрэв МИАТ-ын буцах тийзтэй бол хамаарахгүй. Үлдсэн бусад зардлыг Засгийн газар хариуцна” гэсэн юм.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ