• Д.Наранбаатар:Монгол улсад уушиг орлуулагч буюу ECMO аппаратаас ганц ширхэг ч алга

    2020-03-12

    “Оном” сангийн эрдэмтдийн багийн зүгээс Covid-19 өвчлөлтэй тэмцэхэд ЭМЯ болон УОК хэрхэн бэлтгэлээ хангах ёстой талаар санал,зөвлөмжийг гаргасан талаар тус сангийн үүсгэн байгуулагч Д.Наранбаатар олон нийтэд танилцууллаа.

    Коронавирусээр өвчилсөн хүнд гарч буй хамгийн том хүндрэл бол уушигны хатгаа болж, хүчилтөрөгчийн дутагдалд орж нас барж байгаа явдал. Тэгвэл эрүүл мэндийн байгууллагын хувьд коронавирусын тохиолдол бүртгэгдсэн үед бэлтгэл байдлаа өвчтөн хүчилтөрөгчийн дутагдалд ороход амьд байлгах хүчилтөрөгчийн аппарат, аппаратны гуурсны ариун цэвэр, болон хүчилтөрөгчийн хангамжийг бий болгох чиглэлээр авч хэрэгжүүлэх шаардлагатай гэлээ.

    Өвчлөлийн үед ямар хүндрэл үүсч байгаагаас шалтгаалаад эрүүл мэндийн байгууллагын бэлтгэл ажил хангагдах ёстой

    Коронавирусээр өвчилсөн хүн нь уушигны хатгаа тусаад амьсгал нь давчдач, хүчилтөрөгчийн дутагдалд орж нас барах магадлалтай.

    Уушигны доторхи анатомийг нарийвчлан харвал уушигны судлуудын үзүүрт нь бөмбөлгүүд, түүний гадна талаар нь цусны хялгасан судсууд байдаг.

    Уушигны хатгаа болох үед бөмбөлгүүдэд үрэвсэл үүсч, усаар дүүрээд хүчилтөрөгчийн молекул нь хялгасан судас руу диффузи болох боломжгүй болдог. Хүчилтөрөгч орохгүй болохоор уушиг ажиллаж байгаа боловч амьсгаагаа хурдан авах хэрэгтэй болно. Хүчилтөрөгч дутагдаад ирэхээр хамгийн түрүүнд тархи үхэждэг.

    Ямар бэлтгэл хангах хэрэгтэй вэ?

    Нэгдүгээрт, сэхээн амьдруулах тасгийнхаа орны тоог нэмэгдүүлэх,дүүргэлтийн мэдээллийг тодорхой болгох

    Нийт өвчлөлийн 20 хувь нь эмнэлгийн тусламж үйлчилгээ шаардлагатайгаас таван хувь нь сэхээн амьдруулах тасагт очиж байна.

    ЭМЯ-ны харъяа Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс эрүүл мэндийн салбарын үзүүлэлт, мэдээллийг гаргадаг. Энэ мэдээллээс харахад Монгол улс 44 орчим эрчимт эмчилгээ тасаг,270 гаруй ортой юм байна.

    Өөрөөр хэлбэл, Монгол улсад 270 гаруй хүнийг сэхээн амьдруулах тасагт авч эмчлэх боломжтой.

    Нэмэлтээр эрчимт эмчилгээнийхээ орны тоог нэмэх хэрэгтэй.

    Тооцоо хийж үзвэл:

    Монгол улсын хувьд одоогийн байдлаар нэг батлагдсан тохиолдолтой, нилээн олон хүмүст шинжилгээ хийж байна.

    100-аас дээш тохиолдолтой болоод ирвэл маш хурдацтай өсч байгаа. 3-4 хоногийн дотор хоёр дахин өсч байгаа. Европын бүх орнуудад өсөлтийн ийм динамик ажиглагдаж байна.

    Гурван хоногийн дотор 200,400,800,1600 гээд өснө гэсэн үг. Монгол улсын Засгийн газраас хөл хорио тогтоосон учир ийм өсөлт гарах эрсдэл нь харьцангуй бага.

    Гэхдээ хэрвээ 1000 хүн өвчиллөө гэж бодоход ойролцоогоор 200 хүн сэхээн амьдруулах тасагт орно гэсэн үг.

    Тэдгээр 270 орноос хэд нь сул,дүүргэлтгүй байна гэдгийг ЭМЯ-наас маш тодорхой мэдээллэх хэрэгтэй.

    Хоёрдугаарт,амьсгалын аппаратны хангамжийг нэмэгдүүлэх

    Уушиг нь өөрөө хүчилтөрөгчөөр хангаж чадахгүй болоод амьсгалын аппартын тусламжтайгаар амьсгална гэсэн үг.

    Тэгвэл сэхээн амьдруулах 44 тасаг хүчилтөрөгчийг аппаратаар 100 хувь хангагдсан уу?

    Хамгийн сүүлийн мэдээллээр ойролцоогоор 50 хувь нь хангагдсан байдаг байна. ЭМЯ-ны хувь эрчимт эмчилгээний 44 тасгуудынхаа амьсгалын аппаратын бэлэн байдлыг 100 хувь хангах хэрэгтэй. ЭМЯ-наас үүн дээр арга хэмжээ авч амьсгалын аппаратыг нэмэгдүүлэх арга хэмжээ авч байсан.

    Гуравдугаарт, энэ аппаратад хэрэглэгдэх хүчилтөрөгчийн үйлдвэр Монгол улсад байхгүй байна

    Энэ чиглэлд ажиллаж Эрүүл мэндийн салбарын мэргэлжтнүүдээс цахимаар мэдээлэл авахад хүчилтөрөгчийн хангамж аймгуудад байхгүй, Улаанбаатар хотод ч хүчилтөрөгчийн үйлдвэр байхгүй гэдэг мэдээллийг өгч байна.

    Хэрвээ үнэхээр үйлдвэр байхгүй бол үүнийг маш хурдтай байгуулах хэрэгцээ,шаардлага байна.

    Дөрөвдүгээрт,амьсгалын аппаратны гуурсны халдваргүйжүүлэлт маш чухал

    Энэхүү аппарат нь хүчилтөрөгчийг даралттай шахаад амьсгалуулдаг. Үүний халдваргүйжүүлэлтийг хэрхэн хийж байна вэ гэдэг нь маш том асуулт.

    Олон хүн дээр ашиглагдах учраас аппаратны гуурсны дотор талыг маш сайн цэвэрлэх хэрэгтэй.

    Тавдугаарт, Монгол улсад ECMO аппарат ганц ширхэг ч байхгүй

    Энэхүү аппарат нь уушиг бүрэн ажиллаагаагүй болсон үед цусыг нь аваад хүчилтөрөгчжүүлээд буцаагаад даралттай шахдаг. Асар хүндэрсэн хүмүүсийн хувьд энэ аппарат хэрэгсэл хэрэгтэй болно. Ядаж хоёрыг аваад эмчилгээндээ хэрэглэж эхлэх хэрэгтэй.

    Үнэтэй юу гэвэл үнэтэй боловч нэг ч ECMO-гүй байдаг улс орон байх ёсгүй ээ.

    Зургадугаарт,шинжилгээнд ашиглах урвалж бодисоо маш сайн нөөцлөх хэрэгтэй

    ДЭМБ-аас тахал гээд зарлахаар бид ийм төлөвлөгөөний дагуу ажиллана гээд ЭМЯ,УОК-оос олон нийтэд цацах хэрэгтэй байна.

    Бидний зүгээс зүгээр шүүмжлээд байх биш, түүнийг нь хараад алдаа,дутагдал байвал засч сайжруулах хэрэгтэй байна.

    Шинжилгээнд ашиглах, коронавирусыг оношлох урвалж бодисыг маш сайн нөөцөлж авах хэрэгтэй. Эх орондоо үүнийг үйлдвэрлэх талаар мэдээллийг ЭМЯ-наас яаралтай өгөх хэрэгтэй байна. Тохиолдол гарангуут бүх хавьтлуудыг нь шинжилгээ хийж үзэх хэрэгтэй.

    Лабораторийн багтаамжийн нэмэгдүүлж олон хүнд зэрэг шинжилгээ хийдэг болох хэрэгтэй. Энэ бол шүүмж биш, мэргэжлийн эмч, эрдэмтдийн зүгээс өгч буй зөвлөгөө.

    Видео үзэх:

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ