• УИХ-ын Тамгын газрынхан онлайнаар ажлаа гүйцэтгэнэ

    Монгол Улсын нутаг дэвсгэрт корона вирусийн халдвар илэрсэнтэй холбогдуулан Улсын Их Хурлын удирдлага, Улсын Их Хурлын Тамгын газраас холбогдох арга хэмжээнүүдийг шат дараатай авч хэрэгжүүлж байна

    ЗАЙНААС БУЮУ ОНЛАЙНААР АЖИЛЛУУЛАХ ЗАХИРАМЖ ГАРГАЛАА

    Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайханы захирамжаар Улсын Их Хурлын Тамгын газрын 12 хүртэл насны хүүхэдтэй болон жирэмсэн эмэгтэйчүүд, эрсдэлт бүлгийн ажилтнуудыг гуравдугаар сарын 10-наас эхлэн гэрээсээ буюу онлайнаар ажлаа гүйцэтгэх боломж олгож, ажлын үр дүнг тооцож ажиллахыг нэгжийн дарга нарт үүрэг болголоо.

    Түүнчлэн Улсын Их Хурлын Тамгын газраас өндөржүүлсэн бэлэн байдлын нөхцөлд ажиллах төлөвлөгөө батлан хэрэгжүүлж байна.

    ТАМГЫН ГАЗРЫН АЖИЛТНУУД ЦАЛИНГААСАА ХАНДИВЛАЛАА

    Корона вирусийн халдвараас сэргийлэх, үүссэн нөхцөл байдлыг амжилттай даван туулах үйл ажиллагаанд зориулж Улсын Их Хурлын Тамгын газрын ажилтнууд цалингаасаа 12.4 сая төгрөгийг Улсын Онцгой Комисст хандивлав.

    Хандивыг Улсын Онцгой комиссын дансанд өнөөдөр шилжүүлжээ.

    УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА ШИНЖИЛГЭЭ ӨГЧ, ХАРИУ НЬ СӨРӨГ ГАРЧЭЭ

    Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар 2020.03.06-ны өдөр ДЭМБ-ын Монгол Улс дахь суурин төлөөлөгч, Монгол Улсад үйл ажиллагаа явуулахаар ирсэн ХБНГУ-ын “ASB” байгууллагын төлөөлөгчидтэй тэдний хүсэлтээр албан уулзалт хийсэн билээ. “ASB”-гийн төлөөлөгчид “Аэрофлот”-ын онгоцоор ирэхдээ корона вирусийн халдвар илэрсэн Францын иргэнтэй хамт зорчсон байсан тул өчигдөр (2020.03.10) албан өрөөндөө тусгаарлагдан шинжилгээ өгсөн юм.

    Өнөө өглөө гарсан шинжилгээний дүнгээр хариу нь “сөрөг” үзүүлэлттэй гарсан байна.

    Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ