• ЦЕГ: Шинэ коронавирустай холбоотой худал мэдээлэл түгээвэл эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ

    Коронавирустай холбоотой худал мэдээлэл түгээсэн иргэнийг Зөрчлийн тухай хуулийн 6.21 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2.000.000 /хоёр сая/ төгрөгөөр торгох арга хэмжээ авч байсан. 

    Тэгвэл ЦЕГ-аас уг шийдвэрийг өөрчилж, коронавирустай холбоотой худал мэдээлэл түгээж, олон нийтийг айдаст автуулсан иргэдийг Зөрчлийн хуулиар биш, эрүүгийн хуулиар хариуцлага хүлээлгэхээр болсон тухай ЦЕГ-аас мэдээллээ.

    Эрүүгийн хуулийн

    13.14 дүгээр зүйл.Худал мэдээлэл тараах

    /Энэ зүйлийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн./

    Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ гэж заажээ.

    Иймд иргэд та бүхэн Коронавирустэй холбоотой худал ташаа мэдээлэлд итгэхгүй байж, энэ талын мэдээ, мэдээллийг албаны эх сурвалжаас авч байх, нөгөө талаас нийгэмд худал ташаа мэдээллийг зориудаар тарааж, иргэд, олон нийтийг төөрөгдүүлвэл зохих хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ гэдгийг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ