Ерөнхийлөгчөө тусгаарласан Монгол Улс Францын иргэнийг яагаад тусгаарласангүй вэ?

2020-03-10

Гуравдугаар сарын 10-ны өглөөг хүртэл Монгол Улсад шинэ төрлийн коронавирусийн халдвар бүртгэгдээгүй байв.

Энэ сарын 2-нд Монгол Улсад ирсэн 52 настай Франц  иргэнээс коронавирус илэрч анхны тохиолдол бүртгэгдлээ.

Олон нийтийн сүлжээгээр халдварын тархалт өндөр  улсаас ирсэн  ирсэн хүнийг яагаад тусгаарласангүй вэ, агаарын хилээ бүрэн хаасангүй вэ зэргээр ихээхэн шүүмжилж байна.

БНХАУ-д хэдхэн цагийн айлчлал хийгээд ирсэн Ерөнхийлөгчөө хамт явсан хүмүүсийн хамтаар 14 хоног тусгаарласан. Тэгвэл яагаад халдварын тархалт өндөр улсаас ирсэн Францын иргэнийг ажиглалтад авч тусгаарласангүй вэ гэдэг асуултад…

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл дараах тайлбарыг өгсөн.

Францын иргэнийг Монгол Улсын хилээр орж ирэхэд нь өөрийгөө 14 хоног тусгаарлахыг зөвлөсөн. Гэвч энэ зөвлөмжийг дагаж мөрдсөнгүй.

Улсын Онцгой комиссоос БНХАУ, Иран БНАСУ, Итали, Япон зэрэг халвдарын тархалт өндөр  улс орноос ирсэн иргэнийг шууд тусгаарлах шийдвэр гарсан. Харин эдгээрээс өөр орноос ирсэн иргэдийг шууд тусгаарлах шийдвэр гараагүй.

Тиймээс түүнийг тусгаарлаагүй өөрийгөө тусгаарлах зөвлөмжийг өгсөн” гэх тайлбарыг өглөө.

Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ө.Ганзориг:

Францын иргэний тухайн амьдарч байсан  бүсэд нь нэг халдвар илэрсэн. Гэртээ очоод дэлгүүр орохоос өөр газраар яваагүй гэж хэлсэн. Улсын Онцгой комисс голомтлон тархаж буй улсуудаас гадаад иргэнийг оруулахгүй байх шийдвэрийг гаргасан.

Агаарын хилээ бүрэн хаавал эрсдэл учирсан тохиолдолд эрүүл мэндийн тусламж, дэмжлэг авахад хүндрэл учирна зэргийг тооцоолсон.

Гараа сайтар угаан, ариутгаж, амны хаалтаа тогтмол зүүж хамтын хүчээр хүнд цаг үеийг туулахаас өөр аргагүй гэдгийг төр засгийн зүгээс ард иргэддээ уриалж байна.

Франц улсад өнөөдрийн байдлаар  коронавирусын тохиолдол сүүлийн 24 цагийн байдлаар нийт  1412 тохиолдол илрээд байгаа аж. Сүүлийн нэг хоногт  286 шинэ тохиолдол шинээр нэмэгдсэн байна.  Тус улсад коронавирусээр нийт 25 хүн нас баржээ.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ