Л.Мөнхтүшиг:Гуравдугаар сарын сүүл хүртэл 3,000 орчим зорчигч Улаанбаатар руу ирэх нислэг бичүүлсэн байна

2020-03-09

Эрүүл мэндийн яамнаас коронавирусын нөхцөл байдлын мэдээллийг хийлээ. БНСУ,Япон,Улан-Үдэ,Эрхүү чиглэлийн шууд нислэгийг цуцалсан хугацааг гуравдугаар сарын 28-ны өдрийг хүртэл сунгасан. Шийдвэртэй холбоотой Гадаад харилцааны яамнаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар ГХЯ-ын Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг танилцууллаа.

ГХЯ-ын Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг “БНСУ, Япон улсад байгаа манай иргэдийн зүгээс яаралтай эх орондоо буцах хүслийг элчин сайд,консулын газруудад хүргүүлээд байна. Өнөөдрийн байдлаар Солонгос дахь Элчин сайдын яамд 120 гаруй иргэн өргөдлөө өгсөн.Өвчтэй,зовлонтой олон хүн байна.

МИАТ болон бусад авиа компаниудын мэдээллээр өнөөдрийн байдлаар 3,000 гаруй орчим зорчигч гуравдугаар сарын сүүл хүртэл Монгол улс руу ирэх билетээ бичүүлсэн байна.

БНХАУ,БНСУ,Япон,Итали,Иран улсуудад сүүлийн 14 хоногийн хугацаанд зорчсон гадаадын бүх иргэдийг Монголд нэвтрүүлэхгүй байх шийдвэр мөрдөгдөж байна.

Эдгээр таван улсаас ирэх Монгол иргэд ирснийхээ дараа 14 хоног өөрийнхөө зардлаар тусгаарлагдах зарчим мөрдөгдөж байна.

Тусгаарлах байрны асуудал бодит байдал дээр маш хэцүү байна. Иргэд тусгаарлах байранд янз бүрийн зүй зохисгүй үйлдэл гаргаж байгаагаас гадна зардал мөнгөө төлөхгүй гэдэг асуудал өдөр тутам гарч байна. Солонгост байгаа иргэдийн хувьд эх орондоо ирэх боломж нь нээлттэй. Москвагаар, Берлин зэрэг өөр чиглэлээр дамжаад ирэх боломж байна. Шууд нислэгийг сэргээх шийдвэр УОК-оос гаргаагүй байгаа учраас боломжтой иргэд өөр улсаар дамжаад эх орондоо ирж 14 хоног тусгаарлагдах боломжтой ” гэлээ.

Мөн тэрбээр “БНСУ-ын оюутнуудын визийг сунгах боломжтой гэсэн.

  • Анх удаа БНСУ-д сурахаар эндээс визээ авчихаад визийн хүчинтэй хугацаандаа явж амжаагүй оюутнууд Улаанбаатар дахь Элчин сайдын яамаар шууд дамжуулан харьцах боломжтой.
  • Амралтаараа ирсэн оюутнуудын хувьд сургуульдаа нөхцөл байдлаа хэлээд, сургууль Хууль зүйн яамандаа мэдээллээд визээ сунгуулах боломжтой.
  • Гэрээт ажилтнуудын болон 90 хүртэлх хоногийн визийг сунгах асуудлыг шийдээд явж байна” хэмээн мэдээлэл хийлээ.

Видео үзэх:

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ