Сонгууль-2020:Баян-Өлгийчүүд эмэгтэй нэр дэвшигчийг сонгох уу

Албан ёсоор тогтоосон товоор бол УИХ-ын ээлжит сонгууль зургадугаар сарын 24-нд болох ёстой. Коронавирусын халдвар Монголд орж ирэхгүй, дэлхий нийтэд намжчих юм бол сонгууль болдгоороо болж таарна.Хэдийгээр хөл,хорио тогтоож, улстөрчид тойрогтоо ажиллах боломжгүй, олон хүний бөөгнөрөл үүсгэхгүй байгаа ч битүүхэндээ бүгд сонгуульдаа бэлдэж байна.

Тиймээс gereg.mn сайтын улстөрийн тоймч 26 тойрогт аль намаас хэн хэн нэр дэвших талаарх тоймыг цувралаар хүргэж эхэллээ.

Баян-Өлгий аймгийн тойрог гурван гишүүн сонгох мандаттай. Одоо бол МАН-аас нэр дэвшин сонгогдслн БХБ-ын сайд Х.Баделхан, Г.Солтан, АН-аас нэр дэвшин сонгогдсон Д.Мурат нар төлөөлж буй. Харин энэ удаагийн сонгуульд дээрх гурвын хоёрт нь тодруулан хэлэхэд Г.Солтан, Д.Мурат нарт ахин нэр дэвших ёс зүйн боломж байхгүй. Учир нь Д.Мурат бол “боов”-ны асуудалтай нэгэн тэгээд ч нам нь нэг сонгуульд нэр дэвшүүлэхгүй байхаар шийдэж байлаа . Гэвч Д.Мурат дахин нэр дэвшихээр ярьж яваа гэх сураг бий. Харин Г.Солтан хувийнхаа компанид ЖДҮ авчихаад уучлалт ч гуйгаагүй нөхөр.

Тэгвэл Х.Баделхан сайдын хувьд нам нь дэмжвэл нэр дэвшинэ гэж яваа гэх ба түүнийг тэтгэврийн насанд хүрчихээд суудал гарвал “би, би” гээд гүйчихдэг хэмээн намын залуус нь шүүмжилж байсан билээ. Эднээс гадна Баян-Өлгийгөөс УИХ-д суух боломжийг олж авахаар эмэгтэйчүүдийн квот зэргийг урдаа барьсан ХХААХҮ-ийн дэд сайд А.Сауле гүйж яваа.

Гэвч Өлгийчүүд буюу казахууд өмнө нь болсон 7 удаагийн сонгуулиар ганц ч эмэгтэйг өөрсдийгөө төлөөлүүлэхээр сонгож байгаагүй г бодолцож үзэх ёстой байх.

АН-аас Ч.Куланда гэхэд өмнө нь хэд хэдэн удаа нэр дэвшин өрсөлдөж л байсан. А.Сауле ч өөрөө нэр дэвшиж л байсан. Гэхдээ л сонгогдож чадаагүй. Энэ удаа ч ялгаагүй хэмээх хүн олон бий. Казахуудын хувьд эцгийн эрхт ёс монголчуудаас ч илүү хурц илэрдийг бодолцох ёстой байх. УИХ-ын гишүүн асан А.Тлейханыг МАН-аасаа нэр дэвшиж магадгүй гэлцэнэ.

Мөн 2016 онд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайдад нэр дэвшиж байсан Т.Аубакир 2020 оны УИХ-ын сонгуульд Баян-Өлгий аймагт нэр дэвшихээ мэдэгдээд байгаа. Түүний хувьд Баян-Өлгий аймгийн НАМЗХ-ны даргаар сонгогдон ажиллаж байсан туршлагатай нэгэн.

АН-аас өмнөх сонгуульд ялагдсан УИХ-ын гишүүн асан, Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны академийн дэд ерөнхийлөгч, эдийн засгийн шинжлэх ухааны доктор, академич А.Бакей, Зам тээврийн дэд сайд асан Х.Ержан нарын  нэр ч яригдаж байгаа сурагтай.

Залуу үеийн төлөөлөл болж АН-ын ҮБХ-ны гишүүн, Сангийн яамны Тамгын газрын даргаар ажиллаж байсан, МУ-ын Ерөнхийлөгчийн Орон тооны бус зөвлөх Ш.Жандос ч нэр дэвшихээр ярьж хөөрч яваа аж.

Харин бусад нам болоод бие даагчдын хувьд Баян-Өлгийд нэр дэвшээд амжилт олох нь эргэлзээтэй юм.

Ийнхүү ямар ч нам, сонгуулийн системийн үед Баян-Өлгий аймагт мандатын тоо өөрчлөгддөггүй,  гурван гишүүн сонгогдож, УИХ-д суусаар ирсэн нь энэ удаа ч давтагдах нь. Баян-Өлгийчүүд МАН-д илүү итгэдэг нь 7 удаагийн сонгуулиар сонгож байсан гишүүдийн нэрсээс харагдана. АН-д 2004 онд л ганц удаа итгэсэн байдаг.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ