• Д.Сумъяабазар: Эхний ээлжинд гуравдугаар сарын 15-аас 300-350 машин нүүрс тээвэрлэнэ

    Улсын онцгой комиссын уул уурхайн бүтээгдэхүүний экспортын тээвэрлэлтийг онцгой нөхцөлд зохион байгуулах бэлтгэл ажлыг 2020 гуравдугаар сарын 15-ны дотор бүрэн хангах арга хэмжээ авах, 7.2-т нүүрс болон газрын тосны тээвэрлэлтийг сэргээх бэлтгэх ажлын хүрээнд Уул уурхай, хүнд үйлдвэрийн /УУХҮ/-ийн сайд Д.Сумъяабазар амралтын өдрүүдэд Өмнөговь аймаг, Гашуун сухайт боомтод ажиллав. Уг ажлын хэсэгт Зам тээврийн хөгжлийн /ЗТХ/-ийн дэд сайд Л.Халтар, МХЕГ-ын дэд дарга Д.Энхсайхан болон бусад холбогдох албаныхан багтжээ.

    Улсын онцгой комиссын гишүүд гааль, тээврийн жолооч нарын төлөөлөл болсон ТББ-ууд болон бусад албаныхан хэрхэн хилийн тээврийг аюулгүй хийх талаар хуралдлаа. Хилийн ойролцоо 50 хүртэлх хүний багтаамжтай тусгаарлах байр бэлтгээд байгаа бөгөөд хятадын нутагт хил гарч ирэлгүй хоносон тохиолдолд жолоочийг шууд тус байранд тусгаарлах ажээ.

    УУХҮ-ийн сайд Д.Сумьяабазар “Гуравдугаар сарын 15-аас хилийн тээвэр эхэлнэ. Үүний өмнө бэлтгэл ажлаа маш сайн хангах хэрэгтэй. Экспорт эхлэхээр жолооч нар Хятад улс руу үдээс өмнө хил гараад үдээс хойш тус улсад хонолгүйгээр орж ирэх, бүгд нэг удаагийн хамгаалалтын хувцас хэрэглэлтэй гараад Монгол Улсын нутагт орж ирээд устган, машинаа бүрэн ариутгалд оруулах зэргээр аюулгүй байдал талаас нь авах арга хэмжээг чанд мөрдөх хэрэгтэй. Ер нь боломжийн хэмжээнд эхнээсээ бэлтгэлээ хангаад явж байна. Эхний ээлжинд 300-350 хүртэлх тээврийн машин хилээр нэвтрүүлнэ.

    Гуравдугаар сарын 30-наас хойш тодорхой хугацаагаар гарч байгаа тээврийн хэрэгслийг нэмэгдүүлэх бас зайлшгүй тохиолдолд хонох хэрэгтэй бол тэр үед нь хуралдаж байгаад зохицуулалт хийсэн нь дээр гэж бодож байна. Мөн онцгой горимд шилжиж хөл хорио тогтоосон энэ үед иргэдийн эрүүл аюулгүй байдал хамгийн чухал” гэж онцлон хэллээ.

    Энэ сарын 15-ны өдөр экспорт эхлэхтэй холбоотойгоор сайд Д.Сумъяабазар УОК-д энэхүү томилолтынхоо талаар танилцуулга хийн холбогдох шийдвэрүүдийг гаргуулах ажээ. Уулзалтын үеэр “Цагаан хад хөгжлийн гарц” ТББ-ын гүйцэтгэх захирал Н.Адъяацэрэн “Цагаан хад орчмыг 4 сарын нэгэн хүртэл ч юм уу байдал намжтал онцгой бүс болгож өгөөч ээ гэж хүсч байна. Тодорхой тооны хүмүүс нэвтрүүлдэг, дурын хүмүүс энд зорчоод, өөрсдөө ирээд машин тэргээр орох гээд эсвэл энэ хавиар янз бүрийн ажил хийх гээд сэлгүүцээд байх нөхцөлийг бүрдүүлэхгүй онцгой бүс байгуулах хэрэгтэй байна. Яг тээвэр хийх зөвшөөрөгдсөн компанийн зөвшөөрөгдсөн жолооч нарыг нэвтрүүлнэ гэвэл энд 10-20 мянгаараа хүн цуглахгүй байх гэж бодож байна” гэлээ.

    Хилийн боомтоор нэвтрэх жолооч нар нэг удаагийн хамгаалах хувцас хэрэглэлээ өөрсдөө худалдаж авна гэсэн яриа гараад байгааг холбоодын гишүүд асууж байлаа. Энэ тал дээр МХЕГ-ын дэд дарга Д.Энхсайхан тодруулга өглөө.

    Тэрбээр “Журам дээр нарийн зааж өгсөн тухайн компани өөрсдийнхөө харьяаллын жолооч нараа хамгаалах хувцас хэрэглэлээр бүрэн хангах ёстой. Жолооч өөрөө авахгүй. Жолооч бүр ямар нэгэн компанид харьяалагдаж байгаа.  Тийм учраас харьяалагдаж байгаа компани тусгаарлах байр, хамгаалах хэрэгсэл, хоол, бие засах газар гэх зэргээр кэмпийг бүгдийг зохион байгуулах бүрэн эрхийг олгосон байгаа” гэлээ.

    Гашуунсухайт боомт дээр нүүрс тээвэр явахтай холбоотой нэн шаардлагатай ариутгал халдваргүйжүүлэлтийн бодис болон хамгаалах хувцас хэрэгсэл 6 хоногийн нөөцтэй байгааг боомтын удирдлагууд хэллээ. Мөн нэг сарын нөөц бүрдүүлэхэд 105,3 сая төгрөгийн төсөв хэрэгтэй байгааг танилцуулж шийдвэрлэж өгөхийг  сайдаас хүссэн юм.  Гашуунсухайт боомтоор нүүрс тээврийн хэрэгслийг шалган нэвтрүүлэхтэй холбогдуулан гаалийн байгууллага эхний ээлжинд орох гарах чиглэлийг 2, 2 замаар шалган нэвтрүүлнэ гэлээ.

    Тавантолгойн уурхай, Цагаанхад дахь гаалийн хяналтын бүс, Гашуунсухайт боомтод жолооч, тээврийн хэрэгслийн халдвараас хамгаалах эрүүл ахуй, халдваргүйжүүлэлтийг хэрэгжүүлэх, тээвэрлэлтийг зохион байгуулалтад оруулах арга хэмжээг бүрэн авч чадсан нөхцөлд нүүрсний экспортыг эхлүүлэх боломжтой гэдгийг сайд Д.Сумъяабазар онцгойлон анхааруулжээ.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ