• “Зууны 100 эмэгтэй” төслийн багийнхан Төрийн шагналт Б.Норовсамбуу,Б.Гүнжилам нарт хүндэтгэл үзүүллээ

    2020-03-08

    Ардын хувьсгалын  100 жилийн ойг угтан Монголын ХХ зууны түүх, улс орны хөгжил дэвшил, шинэ соёлд үнэтэй хувь нэмэр оруулсан эмэгтэйчүүдийг тодруулж, алдаршуулах зорилготой “Зууны 100 эмэгтэй” төслийн багийнхан Төрийн шагналт, Ардын жүжигчин, уран нугараач Б.Норовсамбуу, Төрийн шагналт, Хөдөлмөрийн баатар  Б.Гүнжилам нарт Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан хүндэтгэл үзүүллээ. Уран нугараач Б.Норовсамбуу нь циркийн урлагийн гайхамшигт төрөл болох уран нугаралтыг монгол үндэсний  хэв маягаар баяжуулан, хөгжүүлж дэлхийн тайзнаа гаргахад суу авъяасаа зориулсан нэгэн билээ.

    Төрийн шагналт, Хөдөлмөрийн баатар Балжиннямын Гүнжиламын хувьд  улс эх орондоо бага зардлаар их ажил хийж, нэмүү бүтээгдэхүүн үйлдвэрлэх өмнөө тавьсан зорилтоо биелүүлэхийн төлөө  шинэлэг санаачлага гарган хөдөлмөрлөж , 1976 онд Төрийн шагнал хүртсэн юм. ХХ зууны эхэнд  Ардын хувьсгал ялснаас хойш Монгол Улс танигдахын аргагүй өөрчлөгдөн хөгжсөн бөгөөд улстөр, эдийн засаг, эрүүл мэнд, боловсрол, соёл, шинжлэх ухаан, хөдөө аж ахуй, үйлдвэрлэл, спорт, урлаг соёлын салбарт эмэгтэйчүүдийн оруулсан хувь нэмрийг тоочивч баршгүй юм.  Энэ түүхийг  өнөө үеийнхэнд сурталчлан таниулснаар түүхээ үнэн зөв мэдэх, түүхэн хүмүүсээ алдаршуулах, тэднээс үлгэр дууриал авах ач холбогдолтой юм. “Зууны 100 эмэгтэй” төслийг санаачлагчид хоёр боть ном гаргахаар ажиллаж байгаа бөгөөд эхний боть номоо удахгүй гаргахаар ажиллаж байна.

    Төслийг “Даян дэлхийн монгол эмэгтэйчүүдийн холбоо” ТББ-ын тэргүүн Д.Энхжаргал, гүйцэтгэх захирал Г.Жаргалмаа нар  санаачилсан  бөгөөд  ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Уянга,сэтгүүлч Т.Бүдээхүү нар  дэмжин ажиллаж байна.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ