• АШУҮИС-ийн анхны эмэгтэй захирал Ж.Цолмон эрүүл мэнд, анагаахын салбарын түүх бүтээлцсэн эмэгтэйчүүдийн тухай бичжээ

    2020-03-07

    АШУҮИС-ийн анхны эмэгтэй захирал  Ж.Цолмон эрүүл мэнд, анагаахын салбарын түүхийг бүтээлцсэн эмэгтэйчүүдийнхээ тухай Фэйсбүүк хуудсандаа бичсэнийг бүрэн эхээр нь толилуулж байна. 

    1921 онд Ардын хувьсгал ялж, феодалын дарангуй хоцрогдсон нийгмээс эрх чөлөөт, тусгаар тогтносон Монгол орон байгуулагдаж эмэгтэйчүүд анх удаагаа сурч боловсрох, сонгох, сонгогдох эрхийг эдлэх болсон билээ. Зургаан зуун мянга хүрэхгүй хүн амтай, өвчин зовлонд нэрвэгдсэн, бичиг үзэг тайлагдаагүй ард түмнийг өдгөө зургаа дахин өсгөж, дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхах эрүүл саруул, эрдэм мэдлэгтэй иргэдтэй ардчилсан орон болоход эрүүл мэнд, боловсролын салбарын эрдэмлэг оюунлаг эмэгтэйчүүдийн хувь нэмэр асар их байсаар ирсэн.
    1930 онд Улсын зургаадугаар Их хурал хуралдаж Дотоод яамны Эрүүлийг хамгаалах газрыг өргөтгөн БНМАУ-ын Ардын эрүүлийг хамгаалах яам байгуулагдсан. Монгол Улсын зургаа дахь ерөнхий сайд, төрийн нэрт зүтгэлтэн Цэнгэлтийн Жигжиджав \миний ханийн өвөө\ Монгол Улсын Ерөнхий сайдын албыг хашиж байхдаа олон шинэлэг бодлого боловсруулж хэрэгжүүлж байсны дотор ард иргэдийн эрүүл мэндийн асуудлыг чухалчлан үзэж, олон ажил зохион байгуулсны дүнд эрүүлийг хамгаалахад ахиц гарч, улмаар тус асуудлыг хариуцсан яам байгуулах ажлыг биечлэн хөөцөлдөж анхны Эрүүлийг хамгаалахын сайдаар 1930 онд Долгорын Пунцаг гэгч эмэгтэйг томилж байжээ.

    Төрийн өндөр албанд эмэгтэй хүнийг тэр бурангуй нийгмээс холдох гэж эрмэлзэж байсан хүнд үед томилно гэдэг бол тухайн үед ардчилсан үзэлтэй, жендерийн мэдрэмжтэй, мэдлэгтэй холч хараатай улс төрч, удирдагчид байсныг илтгэж байгаа юм. Жирийн малчин гаралтай Д.Пунцаг нь 1930-1933 онд ЭХЯ-ны сайд, Монгол Улсын Бага хурлын гишүүнээр томилогдон ажиллаж байсан анхны эмэгтэй сайд, төр нийгмийн зүтгэлтэн юм.

    90 жилийн түүхтэй Эрүүл мэндийн яам түүхэндээ Ардын эрүүлийг хамгаалах яам, Эрүүлийг хамгаалах, нийгэм хангамжийн яам, Эрүүлийг хамгаалах нийгэм хамгааллын яам, Эрүүл мэндийн гэсэн таван нэрээр, 30 сайд төрүүлсний долоо нь эмэгтэй, 44 орлогч… Миний бие 2007-2012 онд Эрүүл мэндийн дэд сайдаар ажиллаж байсан, 44 дэд сайдын нэг нь билээ.

    Эмэгтэй хүний хатан ухаан, шударга, шийдэмгий хурдтай зан чанар эрүүл мэндийн салбарын өмнө тулгамдаж байсан олон асуудлыг шийдвэрлэх зөв гарцыг олж хөгжлийг хурдтай урагшлуулж байсныг түүх л гэрчилнэ. H1N1, САРС, МЕРС-ийн халдварын үед ч тэр Монгол Улс хамгийн эрсдэл багатай орны тоонд багтаж, дэлхийн хамтын нийгэмлэгийн улс орнуудаас 93-т  бүртгэгдэж, ард түмнээ хамгаалж чадаж байсан.

    Дэлхий дахиныг цочроож байгаа Корона вирусын тархалтын үед Монгол Улс халдвар гараагүй орны тоонд орж байгаа нь урьдчилан сэргийлэх халдвар хамгааллын дэглэмийг бүх нийтээр хэрэгжүүлэх арга хэмжээг цаг алдалгүй авч зөв зохион байгуулалтад орсонтой холбоотой бөгөөд үүнийг удирдан залж буй салбарын эмэгтэй сайд, УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, дэд сайд Л.Бямбасүрэн нарын гавьяа юм.
    Ардын эрүүлийг хамгаалах яам байгуулагдсанаар үндэсний эрүүл мэндийн салбар болон улс ардын аж ахуйн салбарын үндэсний мэргэжилтнүүдийг бэлтгэх ажил хурцаар тавигдаж 1942 оны аравдугаар сарын 5-ны  өдөр анх удаа БНМАУ-ын Улсын Их сургууль нээгдэж тэр жилдээ Монгол Улсын Их Сургуулийн тулгуур багана болсон тулгын гурван чулууны нэг Хүн Эмнэлгийн Факультет байгуулагдаж, анхны төгсөгчид 1947 онд төгссөн түүхтэй. Анхны 14  гэж алдаршсан төгсөгчдөөс ес нь сургуульдаа багшилж сурсан эрдэм, мэдлэгээ ирээдүй хойч үедээ түгээн Монголын анагаах ухааныг хөгжүүлж, өнөөгийн АШУҮИС-ийн хөгжлийг түүчээлэн авчирсаны тав нь буюу тавин таван хувь нь эмэгтэйчүүд байсан юм. Ц.Долгор, Ч.Долгор, Б.Цэрэнлхам, Р.Нямаа, Ц.Ишханд нар орчин цагийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг эх орондоо нутагшуулан нэвтрүүлж өнөө цагийн хөгжилд хүргэсэн төдийгүй олон мянган шавь нараа төрүүлж монголын эрүүл мэнд, шинжлэх ухаан, боловсролын салбарын нэрт зүтгэлтэн, гавьяатнууд болсон эрдэмтэн, эмч бүсгүйчүүд байсан юм.

    1942-1944 онд Хүн эмнэлгийн факультетийн дэргэд 17  тэнхим үүсэн байгуулагдаж, Зөвлөлт холбоот улсын эрдэмтэд удирдаж байсны дөрвийг  Хүүхдийн өвчин судлалын тэнхмийг М.П Розова, Халдварт өвчний тэнхмийг Ю.М Михайлова, Эмгэг анатомийн тэнхимийг Х.Л Трегубова, Эрүүл ахуйн тэнхмийг Е.И Кореневская нар удирдаж байсныг түүх мартаагүй.

    1956 онд мэс заслын тэнхимийн эрхлэгчээр В. Ичинхорлоо, 1957 онд дотрын тэнхимийн эрхлэгчээр Б.Рагчаа, 1958 онд арьс өнгөний тэнхимийн эрхлэгчээр Ч.Долгор нар томилогдон ажиллаж байсан нь анхны монгол тэнхимийн эрхлэгчид юм.

    Ингээд бодохоор анагаах ухааныг Монгол Улсад хөгжүүлэхэд улмаар орчин цагийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний суурийг тавихад ЗХУ, Монгол Улсын анагаахын алтан үеийнхний эмэгтэй төлөөлөл багш нарын маань гавьяаг үнэлж баршгүй юм.
    1958 оноос Г. Лодон, Б.Рагчаа, В.Ичинхорлоо, А.Намсрайжав, Г.Жамба зэрэг үндэсний арваад эрдэмтдээс бүрдсэн Эрдмийн зөвлөл анх үүсч үндсэндээ Монгол Улсын Их сургууль дотор нэг дээд сургууль байгуулагдаж эхэлсэн гэж үзэж болох юм.

    Мөн Анагаах ухааны салбарт үндэсний эрдэмтэд төрөн гарч, сургалтын материаллаг бааз бүрэлдэн бий болж, нарийн мэргэжилтэй боловсон хүчний хэрэгцээ нэмэгдсэн учир МАХН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны хурлын 1961 оны тавдугаар сарын арван долооны өдрийн 179-р тогтоол, Сайд нарын зөвлөлийн 431-р тогтоолын дагуу МУИС-аас туурга тусгаарлан Анагаах ухааны дээд сургууль байгуулагдаж, 1990 онд АУИС, 2002 онд ЭМШУИС, 2013 онд АШУҮИС болон Ази номхон далайн 100 шилдэг анагаах ухааны сургуулийн нэг болохоор эрхэм зорилгоо тодорхойлон ажиллаж байна.

    АШУҮИС түүхэн хөгжлийн 78 жилийн хугацаандаа зургаан захиралтай байсны нэг нь 2018 оноос томилогдон ажиллаж байгаа миний бие юм. Удирдах зөвлөлийн нэг эмэгтэй дарга\2008-2012\, Эрдмийн зөвлөлийн нэг эмэгтэй даргын \2018 оноос\ үүргийг миний бие хаших боломж тохиож, эрдэмтэн нарийн бичгийн хоёр даргыг анагаах ухааны доктор, профессор Чимэдсүрэн\2015-2018\, АУ-ны доктор профессор Т.Ариунаа \2018 оноос\ ажиллаж байна.
    Анагаах ухааны боловсролын шилдэг арга барил, технологи, оюутан төвтэй сургалтын аргыг нэвтрүүлэх замаар боловсронгуй болгох, Номхон даллайн баруун эргийн бүсийн орнуудын сургалтын стандартад хүргэн манай сургалтын хөтөлбөрийг АНУ, БНХАУ, БНСУ зэрэг  орнуудад хүлээн зөвшөөрөгддөг, манай төгсөгчид олноор дэлхийн нэр хүндтэй сургуулиудад уригдан ажилладаг болгоход анагаахын боловсролын салбарт ажиллаж байгаа үе үеийн эрдэмтэн профессорууд, удирлагуудын зүтгэл их бөгөөд түний дотор түүхийг үргэлжлүүлэн хөгжүүлэхэд бүхий л амьдрал, оюун ухаанаа зориулан зүтгэж багш нарынхаа залгамж халааг нь нэр төртэйгээр өргөн авч яваа өнөө цагийн эрдэмтэд, тэдний төлөөлөл болсон эмэгтэй профессоруудын хувь нэмэр асар их юм. Хүний амьдралын өдөр тутмын асуудлыг шийдвэрлэхэд гол үүрэг гүйцэтгэдэг нийгмийн чухал салбар болох, эрүүл мэнд, боловсрол, хуулийн салбарын ажиллагсадын ная гаруй хувийг манай чадварлаг, дайчин эмэгтэйтэйчүүд эзэлж байна. Монгол хүн эрдэмтэй, мэдлэгтэй оюунлаг болж, Монгол хүн оюуны чадамжаараа дэлхийд гайхуулагддаг болгоход Боловсрол, шинжлэх ухаан, спортын салбарыг удирдаж байсан үе үеийн сайд нарын гавьяа их байсан бөгөөд түүний дотор эмэгтэй хоёр сайд Н.Болормаа, Ц.Цогзолмаа байсныг дурьдахгүй байхын аргагүй юм.
    Бид жендерийн тэгш эрх гэж ярьж эхэлж тэмцэж байх үед жендер гэдэг үг нь зөвхөн нэг талын эмэгтэйчүүдийн гэсэн тодотголтой юм шиг хүлээн авч байсан сэтгэхүйн үеийг бид өөрчилж хоёр хүйсийн тэгш байдлын асуудлыг төлөвшүүлж чадсан гэж боддог.

    Миний бие АШУҮИС-ийн 78 жилийн түүхэнд анхны эмэгтэй захирал болж ажиллаж буйн хувьд байгууллагынхаа эмэгтэйчүүдийн үүрэг ролийг нэмэгдүүлж, жендерийн хувьд эрх тэгш байхыг эрхэмлэн ажиллаж байна . Одоогоор АШУҮИС-ийн Эрдмийн зөвлөлд 40 хувь, удирдлагын багуудаас харахад эмэгтэйчүүдийн оролцоо 50:50 хувьтай байна. Эрүүл энх, эрдэм оюуны манаанд эмэгтэйчүүд бид л нүд цавчилгүй зогссоор байна. Монгол Улсын хүн амын талаас дээш хувийг бүрдүүлж буй Монголын эмэгтэйчүүд бидэнд асар их нөөц, хүч бий. Бид суларч болохгүй бид эрчлэгдэх ёстой. Бид хатуу биш хашир болох ёстой, бид чадна…

    АШУҮИС-ийн захирал, Анагаах ухааны доктор, профессор Ж.ЦОЛМОН

    Фэйсбүүкээс үзэх: 

    ЭРҮҮЛ МЭНД, АНАГААХ УХААНЫ САЛБАРЫН ТҮҮХИЙГ БҮТЭЭЛЦСЭН ЭМЭГТЭЙЧҮҮД1921 онд Ардын хувьсгал ялж феодалын дарангуй…

    Posted by Жадамба Цолмон Tsolmon Jadamba on Friday, March 6, 2020

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ