• Кёкүшюүзан Д.Батбаяр 32 сая ам.долларын тусгай зөвшөөрлийг зарсан гэх асуудал бодит амьдрал дээр болоогүй

    Монголын Сүмо бөхийн холбооны ерөнхийлөгч Кёкүшюүзан Д.Батбаярын өмгөөлөгч өнөөдөр хэвлэлийн хурал хийлээ.

    Өмгөөлөгч н.Оюунболд ““АН-хан Рецидивүүд, Хятадуудтай нийлж лицензийн наймаагаар сонгуулийн мөнгө босгосон” гэх аудио бичлэг эвлүүлэг, бодит байдал дээр тийм зүйл болоогүй. Тухайн бичлэгийг Ц.Алтанцог гэх хүн хийсэн. Тэр 1990-ээд онд залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэний улмаас 15 жил хорих ял эдэлж байсан бөгөөд 2007-2009 онд энэ төрлийн гэмт хэрэг хийж, хэргийг нь шалгаж байх хугацаанд хилээр гарч яваад 2019 онд Монгол Улсад эргэн ирсэн байдаг.

    Эргэж ирсэн даруйдаа тэр хуучны танилуудтайгаа буюу бичлэгт нэр холбогдсон Цэрэндорж, Бямбаа, Батбаяр гэх хүмүүстэй уулзаж, тус бичлэгийг хийсэн. Ингэхдээ 2019 оны 3-8 дугаар сард тухайн хүмүүстэй 2-3 удаа уулзаж хийсэн бичлэгээ, эвлүүлжээ.

    Ц.Алтанцог бичлэг хийснийхээ дараа буюу 2019 оны наймдугаар сард нэр бүхий телевизэд хандан, бичлэгийг монтажилж Кёкүшюүзан Д.Батбаяраас нэг тэрбум төгрөг нэхэмжилж 60, 40 хувиар хувааж авах санал тавьсан байсан. Энэ яриа нь 10-15 хүний дэргэд болсон яриа учраас гэрчтэй.

    Ц.Алтанцог нь дээрх хүмүүстэй уулзахдаа өөрийгөө сахарын өвчтэй учир эмчилгээний мөнгө хэрэгтэй хэмээн өрөвдүүлж, 60 сая төгрөгийн автомашин, 10 мянган ам.доллар, 1,800 ам.доллар болон таван сая төгрөгийг тус тус авсан.

    Тэрнээс бичлэгт дурдагдаж буй 32 сая ам.долларын тусгай зөвшөөрлийг зарсан гэх асуудал бодит амьдрал дээр болоогүй.

    Мөн дээрээс нь Кёкүшюүзан Д.Батбаярын хувийн болон хуулийн этгээдийн данс руу БНХАУ-аас 2010 оноос хойш өнөөдрийг хүртэл нэг ч доллар орж ирээгүй. Үүнтэй холбоотой нотлох баримтуудыг хуулийн байгууллагад өгсөн, шалгагдаж байгаа. Өөрөөр хэлбэл, уг бичлэгтэй холбоотойгоор н.Цэрэндорж, Д.Батбаярын зүгээс цагдаагийн байгууллагад гомдлоо гаргасан” гэлээ.

    “Энэ гаргаад байгаа мэдээлэл нь бодит үнэнд нийцэхгүй хуурамч. Бичлэг хийсэн хүний тухай “Ангайтал залилдаг Алтанцог” гэх нэртэй ном хүртэл байдаг” хэмээв.

    -Та бүхний бичлэгийг эвлүүлсэн гээд байгаа Ц.Алтанцог гэх хүн одоо хаана байгаа вэ?

    – Ц.Алтанцог гэдэг хүнийг хаана байгааг бид мэдэхгүй ч Хан-Уул дүүрэгт гомдол гаргасан.

    Өмгөөлөгчийн хувьд Д.Батбаярын дансанд 32 сая ам.доллар ороогүй гэх баримт бий юу?

     Монгол Улсад мөрдөгдөж байгаа хууль тогтоомжийн хүрээнд 20 сая төгрөгөөс дээш дүнтэй орсон гарсан гүйлгээг бүгдийг Монгол банк шалгадаг. Тийм учраас Д.Батбаяр болон бусад хүмүүсийн дансанд тийм хэмжээний гадаад вальют, тэр дундаа БНХАУ-аас орж ирсэн гэх баримт байхгүй.

    Бид нэр бүхий банкуудаас тодорхойлолт авахад Д.Батбаярын дансаар ийм гүйлгээ хийгдээгүй байна. Нэгэнт бид хуулийн байгууллагад хандан шалгуулж байгаа учир энэ баримтуудыг хэвлэлээр тараах нь зохимжгүй.

    -Ц.Алтанцог гэх хүн та бүхнийг залилсан гэж ойлгох уу. Мөн таны үйлчлүүлэгч Д.Батбаяр хууль бус үйлдлээ нуухын тулд сэтгүүлчид мөнгө өгсөн гэх мэдээлэл бичлэгт дурдагдсан. Үүнд ямар тайлбар хийх вэ?

    – 2020 он бол сонгуулийн жил. Тийм ч учраас 2019 оны сүүлээс эхлэн Кёкүшюүзан Д.Батбаярын талаар янз бүрийн мэдээлэл гарч эхэлсэн. Тэдгээр мэдээллийг бид сонгуультай л холбоотой гэж ойлгож байгаа.

    Харин Ц.Алтанцог гэх хүн манай үйлчлүүлэгчийг залилсан эсэхийг хуулийн байгууллага шалгаж, удахгүй тодорхой болгох байх.

    Мөн олон нийтэд цацагдсан тухайн бичлэгт би Д.Батбаяр сэтгүүлчид мөнгө өгсөн гэх мэдээлэл олж сонсоогүй.

    Өмгөөлөгчийн зүгээс нэг зүйл хэлэхэд Ц.Алтанцог гэх хүн өнгөрсөн онд энэ бичлэгүүдийг хийснийхээ дараа нэр бүхий телевизийн сэтгүүлчид хандсан гэх гэрч бий. Тухайн хүн нь өөрөө ёс суртахуун өндөртэй байсан учраас хууль бус зүйлээс татгалзсан байна.

    Үүнтэй холбоотойгоор тухайн үед н.Цэрэндорж хуулийн байгууллагад хандсан байдаг юм билээ. Өөр зүйл мэдэхгүй, би зөвхөн өөрийн үйлчлүүлэгчтэй холбоотой асуудлаар мэдээлэл өгнө.

    -Уулзах үедээ бичлэг хийж эвлүүлсэн гэх баримт бий юу?

    -Энэ асуудалд гэрч бий. Тухайн бичлэг дээр нэр нь дурдагдаад байгаа 3-4 хүнтэй Кёкүшюүзан Д.Батбаяр нэг дор уулзаж, ярилцсан зүйл огт байхгүй. Харин Ц.Алтанцог гэх хүнтэй 2019 оны 4-5 дугаар сарын хооронд 3-4 удаа өөрийн оффис дээр түүний хүсэлтээр уулзсан байдаг.

    Ингэхдээ Ц.Алтанцог сахарын өвчтэй, хорт хавдартай учир эмчилгээний мөнгө байхгүй гэх асуудлаар ирж уулзсан. Тэр үед түүнд туслах үүднээс 1,800 ам.доллар таван сая төгрөгийг Д.Батбаяр өгснийг харсан ажилчид бий.

    Тодорхой хэлэхэд, яг ийм 32 сая доллар битгий хэл сая долларын ч гэрээ хэлцэл хийгдэж, ийм хэмжээний мөнгө нэр бүхий этгээдүүдийн нэр дээр тусгай зөвшөөрөл болж орж ирсэн зүйл байхгүй. Эвлүүлсэн бичлэгээ тэрбум төгрөгөөр зарж, шантааж хийе гэж явсан нь гэрчтэй.

    Gereg.Mn

    Монголын сүмо бөхийн холбооны ерөнхийлөгч Кёкүшүюзан Д.Батбаяр мэдээлэл хийж байна

    Posted by Gereg.Mn on Thursday, March 5, 2020

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ