• Эмэгтэй хүн болж төрсөндөө бахархах 25 кино

    2020-03-06

    Ганцхан үзээд өнгөрөх биш эмэгтэй хүн болж төрсөндөө бахархал төрүүлэм хуучны болон орчин үеийн 25 киног танилцуулж байна. Кино бүрт хэрвээ эмэгтэйчүүд нэг л шийдвэл, бүхэл бүтэн армийг ганцаараа удирдах байтугайг  хийх бүрэн чадалтай гэдгийг харуулна.

    Киноны trailer-ээс гадна зарим сонирхолтой хэсгийн видео бичлэгүүдийг хамт оруулсан учраас үзэх киногоо сонгоход илүү амархан байх болов уу.

    “Анхны эхнэрүүдийн клуб”/The First Wives Club/-1996

    Найзынхаа нууцлаг үхлийн дараа их сургуулийн гурван найз 30 жилийн дараа дахин нийлдэг. Гэтэл салсан нөхрүүд нь тэдний амьдралыг оронгоор эргүүлсэн болохыг ухаарч, тэднээс ээлж дараалан өшөө авахаар шийддэг. Гурван найзын нийлмэл болсон  эрч хүч , шийдэмгий, бага зэрэг бүдүүлэг байдал нь эмэгтэйчүүд нэг л шийдвэл  юунд ч хүрч болохыг харуулдаг.

    “Fried Green Tomatoes”-1992

    Эмэгтэй хүний дотор ямар хүч чадал байдгийг энэ кино харуулна. Киноны гол дүрийн эмэгтэй асрамжийн газарт нэгэн хөгшин эмэгтэйтэй уулзаж түүний амьдрал, нөхөрлөлийн талаарх түүхүүдийг сонссоноор амьдралын бэрхшээлийн эсрэг сөрж зогсохоор шийддэг.

    “The Brave” хүүхэлдэйн кино-2012

    Гол дүр Шотландын гүнж Мерида багаасаа л  уламжлалт ёсыг бус өөрийнхөө амьдралыг өөрөө зурахыг хүссээр иржээ. Хүслээ биелүүлэхээр шулмын тусламжийг авах боловч эцэстээ тэр нь хараал болон хувирна. Улмаар өөрийнхөө амьдралыг буцаан авахаар эр зориг гарган тэмцэх болно.

    “Miss Congeniality”-2000

    Тэр бол “мисс” бүсгүй. Гэхдээ чамайг А ч гэж дуугарч амжаагүй байхад цохиж унагаад буугаа гаргаад ирж чадах мөрдөгч. Хэрэгтэнг барихын тулд өөрт нь огт байгаагүй эмэгтэйлэг шинжээ ч хүртэл гаргаж чаддаг зоримог бас хүчтэй бүсгүй.

    “Queen of Katwe”-2016

    Бодит явдлаас сэдэвлэн бүтээсэн энэ кинонд Угандагийн нэгэн ядуусын хороололд амьдардаг 10 настай охины амьдрал шатар тоголж эхэлснээр орвонгоороо өөрчлөгддөг. Төрөлхийн авъяастай тэрээр орсон тэмцээн болгондоо ялсаар шилдэг нь болдог. Гол дүр нь залуу охины бодит амьдралыг харуулахаас гадна ерөнхий найруулагчаар нь мөн адил эмэгтэй хүн ажилласан нь киног бүр сонирхолтой болгожээ.

    Wild-2014

    Ээжийгээ нас барж,нөхрөөсөө салсны дараа тэрээр амьдралыг нь өөрчлөх аялалд гарна. Урьд өмнө нь гэртээ л байдаг байсан тэрээр Америкийг хөндлөн гулд  туулдаг.

    The Devil Wears Prada-2006

    Их сургуулийг сэтгүүлчийн дипломтойгоор төгсөөд удаагүй Андреа туршлагагүй, өөрийн гэсэн загварын хэв маяггүй ч дэлхий дээрх сая сая бүсгүйчүүдийн үхэн хатан зүтгэдэг ажилд орж, алдартай загварын сэтгүүлийн “аймшигт” эрхлэгч Миранда Престлигийн хувийн туслах болдог. Алдартай загварын орднуудын тэнгэрт хадсан үнэтэй хувцсуудаар шүүгээгээ дүүргэж, том том арга хэмжээнүүдэд уригдаж залагддаг ч сэтгэл доторх чин хүсэл, зарчимтай нь зөрөлдсөнөөр эргээд энгийн нэгэн байх замыг сонгодог. Тэр үед магадгүй түүнийг бүгд гайхаж, тэнэгээр нь дуудаж байсан байж болох л юм. Гэвч тэр шийдсэн бас түүнийгээ зөв гэж баттай мэдэж байгаа.

    Mona Lisa Smile-2003

    Киноны гол дүрийн эмэгтэй бол 1950-иад оны нэгэн охидын сургуульд шилжин ирж буй багш. Шинэхэн багш маань жендерийн эрх тэгш байдлын төлөө тууштай тэмцэж, тэмцэл нь ч  сурагч охидынх нь ирээдүйгээ зөвхөн гэрийн эзэгтэй болно гэж төсөөлдөг байсан бодолд хүчтэй нөлөөлж, илүү их зүйлийг мөрөөдөхөд хүргэдэг.

    G.I. Jane-1997

    Хүний сэтгэлийн хат ямар агуу болохыг та энэ киноноос л харж болно. Нэг ёсондоо эмэгтэйчүүд нэг зоривол юунд хүрэх вэ гэдгийг та энэ киноноос үзээрэй. Хэзээ ч мартагдашгүй хэд хэдэн үйл явдалтай бөгөөд сонгодог киноны жагсаалтанд зүй ёсоор багтжээ.

    The Blind Side-2009

    Нийгмийн тогтоолцооны гажуудлаас болж сургуульд суралцаж чадаагүй, гэр оронгүй Африк-Америк гаралтай өсвөр насны хүүг цагаан арьстан гэр бүл өргөн авдаг. Хэдий олон жил буруу замаар явсан ч зөв залж чиглүүлж чадвал хэнийг ч өөрчлөх боломжтойг эмэгтэй хүний ухаалаг байдалтай хослуулж харуулсан гайхамшигтай бүтээл юм.

    Legally Blonde-2001

    Бусдын нүдэнд Элл Вүүдс энгийн нэгэн тэнэгдүү шаргал үст. Гэхдээ хүсвэл тэр ч гэсэн Харвардын хуулийн сургуульд орж чаддагийг харуулдаг. Өөрийг нь хаясан найз залуугаа эргүүлэн авах нь түүний гол зорилго байсан ч эцэстээ түүнийг шүүхийн танхимд “бут цохин” гарч ирдэг. Зорилго бүхэн хайр дурлал, аз жаргал дагуулдаг.

    The Runaways-2010

    1970-аад оны үед гарч ирсэн анхны алдарт хүрсэн охидын рок хамтлагийн бодит түүхээс сэдэвлэн бүтээсэн. Рок хөгжмийн урсгалыг зөвхөн эрчүүд манлайлахгүй гэсэн үзэл суртлыг анх дэлгэрүүлж байсан охидын хамтлагийн түүхийг энэ киноноос үзээрэй.

    She’s Beautiful When She’s Angry-2014

    Баримтат киноны чиглэлээр уран бүтээлээ туурвидаг кино продюсер Мэри Дорийн энэхүү бүтээл нь 1960-1970-аад онуудад болсон феминизмийн хөдөлгөөний бодит түүхийг өгүүлжээ. Кинонд тус хөдөлгөөнд оролцож байсан хэд хэдэн эмэгтэйчүүдээс яриа авсан нь гарна.

    Under the Tuscan Sun-2003

    Нөхөр нь өөрийг нь хуурч байсныг мэдсэний дараа гол дүрийн бүсгүй Франсес Итал руу аялалд гарахаар шийддэг. Аяллын дундаас халуун дулаан уур амьсгалтай Италид очиж өөрийн гэсэн байр худалдан авч намуухан даруу амьдралаар амьдрах болно. Шинэ байшингаа тохижуулах явцдаа өөрийгөө улам нээж, таньж мэдсэнээр бие даасан, өөртөө итгэлтэй нэгэн болж хувирдаг.

    A League of Their Own-1992

    Спортын хорхойтон эмэгтэйчүүдэд энэ кино таалагдах нь баараггүй. Учир нь энэ кино дэлхийн хоёрдугаар дайны үед зөвхөн эрэгтэйчүүд л давамгайлдаг байсан бэйсболын спортод толгой цохиж буй эмэгтэй багийн түүхийг өгүүлдэг.

    The Secret Life of Bees-2008

    1964 онд 14 настай Лили охин хүчирхийлэгч ааваасаа, асрагчийнхаа хамт гэрээсээ зугатсанаар кино эхэлнэ. Эмэгтэйчүүд нэгдвэл ямар хүчтэй болохыг харуулсан кино.

    The Help-2011

    “The help” зохиолоос сэдэвлэн хийсэн энэ кинон дээр өшөө авалт, урвалт, бэрхшээл, хүндрэл зэрэг олон зүйлийг харуулах ч хүчирхэг эмэгтэйчүүд эцэстээ хэрхэн нөхцөл байдлыг өөрөөр эргүүлж болдог, бусдад нөлөөлж, чаддаг, уучилж чаддагийг харуулсан кино юм.

    Hidden Figures-2016

    Уг киноны үйл явдал 1960-аад оны үед өрнөх бөгөөд НАСА-д ажилладаг гурван эмэгтэйн бодит түүхээс сэдэвлэн бүтээснээрээ онцлогтой. Африк-Америк гаралтай гурван бүсгүй АНУ-ын эрэгтэй сансрын нисгэгчийг сар луу нисгэхэд хамгийн голлох үүргийг гүйцэтгэхийн зэрэгцээ арьс өнгөний ялгаварлан гадуурхалт, ажлын байрны бэлгийн дарамттай хэрхэн тэмцэж байсан зэрэг олон сонирхолтой түүхийг нэг дороос үзэх боломжтой.

    Iron Jawed Angels-2004

    Хүний эрхийн төлөө тэмцэгч бүсгүйчүүд нийгэм дэх эмэгтэйчүүдийн дуу хоолойг хүргэдэг болгохын тулд эрүүдэн шүүх, тэр байтугай үхэлтэй нүүр тулахад бэлэн байсан нь гайхмаар зүйл биш.

    Frida-2002

    Өөрийн хөргөөрөө нийгэмд дуу хоолойгоо хүргэсэн Мексикийн алдарт зураач Фрида Кахлогийн бодит амьдралыг өгүүлдгээрээ онцлогтой. Өөрийг нь хуурдаг нөхөртэйгөө эхлүүлсэн гэр бүлийн амьдрал нь бүтэлтэй байгаагүй ч тэр хугацааны турш өөрийн мэргэжлийн карьертаа анхаарсаар байдаг. Түүнээс гадна Фрида бол амьдралынхаа туршид осолтой нүүр тулж, өвчинтэй тэмцэж ирсэн ч өөрийн хийж чаддаг зүйлээ орхиогүй нэгэн юм.

    Mulan хүүхэлдэйн кино-1998

    Диснейн гүнжүүд ихэвчлэн яах ч аргагүй нөхцөлд, хэн нэгэнд хорлуулсны дараа ханхүүгээр авруулдаг гоо үзэсгэлэнтэй ч сул дорой байдаг. Харин Мулан бол өөр шүү. Тэр бол аавыгаа, эх нутгаа аврахын тулд эрчүүдтэй эн зэрэгцэн тулалддаг зоригт гүнж.

    Erin Brockovich-2000

    Ганц бие ээж бүхэл бүтэн том компанийн эсрэг тэмцээд ялж чадна гэж хэн санах билээ. Гэхдээ л Эрин үүнийг хийж чадсан юм. Жулиа Робертс дүрээ маш сайн гаргаж чадсан учраас л тэр жилийн Оскарыг хүртэж байжээ. Киног бодит түүхээс сэдэвлэжээ.

    Little Women-1994

    Аав нь иргэний дайнд явсан хойгуур энэ гэр бүлийн бяцхан бүсгүйчүүд амьдрах гэж хэрхэн тэмцэж байгаа тухай гардаг. Зарим тохиолдолд өөрийгөө эмэгтэй гэдгийг ч мартах тохиолдол бий шүү.

     

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ