• З.Баянсэлэнгийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаалаа

    Барилга хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгэ нарт холбогдох шүүх хурал өчигдөр Сонгинхохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж өндөрлөлөө. Хоёр өдөр үргэлжилсэн шүүх хуралдаан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцаагдлаа.

    Дээрх хэрэгт З.Баянсэлэнгээс гадна Ж.Бурмаа, М.Болортуяа нарыг шүүж тэднийг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 263 дугаар зүйлийн 2 дахь хэсэг Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг Хахууль өгөх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн байна.

    З.Баянсэлэнгэ нь Барилга, хот байгуулалтын сайдаар ажиллах хугацаандаа “Бэрэн” группийн барьсан Хангай хотхоны орон сууцнаас 123 айлын орон сууцыг тендер зарлалгүй, шууд худалдан авч, улсад 972.4 сая төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт холбогдсон билээ.

    Харин шүүгдэгч М. Болортуяа нь Барилга хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан бол, Хот байгуулалтын яамны газрын даргаар ажиллаж байсан Ж.Бурмааг “Түрээсийн орон сууц” хөтөлбөр хэрэгжүүлэх Засгийн газрын тогтоол гаргуулахаар бичиг баримтыг нь бэлдэж өгсөн хэмээн буруутгаж байна.

    Энэ хэрэгтэй холбогдуулан З.Баянсэлэнгийг 2019 оны аравдугаар сарын 21-ны өдөр удаа дараа шүүх хуралдаанд саад учруулж, хойшлуулж байсан гэдэг үндэслэлээр цагдан хорих шийдвэрийг гаргаж байсан. Улмаар түүнийг сар гаруй хорьсны эцэст батлан даалтад гаргаж, хэргийг тусгаарлан Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэргийг шилжүүлсэн юм.

    З.Баянсэлэнгэ нэгэн ярилцлагадаа “Намайг түрээсийн орон сууц хөтөлбөрөөс өөр хэргээр шалгаж байгаа зүйл байхгүй. Засгийн газрын хамтын шийдвэрээр гарсан, тогтоолтой холбоотой асуудал. Засгийн газраас гаргасан тогтоолыг хуулийн хүрээнд хэрэгжүүлсэн. Нийтдээ 1500 айл өрхийг түрээсийн орон сууц хөтөлбөрт хамруулсан. Хамгийн сүүлд 223 айлын орон сууцыг түрээсийн орон сууцанд шилжүүлэх асуудлыг Засгийн газар хуралдаанаар шийдвэрлэж “Бэрэн” группт Сангийн яамнаас 15 тэрбум төгрөг төсөвлөснөөр шууд худалдан авалт хийсэн байгаа.

    Би авлига авч албан тушаалаа урвуулан ашиглаж, хэд нэгэнд давуу байдал олгож, хөрөнгө мөнгө завшсан зүйл байхгүй. Ийм асуудлаар намайг гурван жил шалгаж байна” гэж байлаа.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ