• Д.Сумъяабазар: Өвчин манай улсад нэг л ороод ирвэл жижиг эдийн засагтай улсад хүнд байдал үүснэ

    УИХ-ын гишүүн, УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазараас салбарынх нь асуудлаар зарим зүйлийг тодруулав.

    -Нүүрсний экспорт гуравдугаар сарын 15-нд эхэлж амжих уу. Бэлтгэл ажлууд хэрхэн хангагдаж байна вэ?

    -Улын Онгой комиссын даргаас хэд хэдэн чиглэл өгсөн. Энэ хүрээнд түүхий газрын тосыг тээвэрлэх асуудлыг Ө.Энхтүвшин сайд өөрөө хариуцаж өнөө, маргаашгүй Дорнод аймагт очиж, газар дээр нь ажиллана. Зам тээврийн сайд өнөөдөр Замын-Үүдэд ажиллаж байна. Миний бие Гашуунсухайтын боомт мөн Шивээхүрэнгийн боомтод ажиллана. Тээвэрлэлтэй холбоотойгоор ариутгал, жолооч нарын эрүүл ахуйг хангуулах зэрэг үүрэг чиглэлийг өгсөн.

    Нэг удаагийн ариутгалын иж бүрэн хувцас, тээвэрлэлт болон олборлолт хийж байгаа ААН-үүдэд чиглэл өгсний дагуу танилцахын сацуу хил гаалиа цаашид хэрхэх асуудлаар Хятадын талаар ярилцана.

    -Нүүрс тээвэрлэлтийн машинуудад квот тогтоох уу?

    -Ярилцаж байгаад хүчин чадал сайтай жишээ нь орон нутгийн Тавантолгой, “Энержи ресурс” компанийн удирдлагуудтай уулзаж байгаад шийдвэрлэнэ. Мөн Цагаан хаднаас цаашаа гарах нөхцөл байдал ямар байна вэ гэдгийг давхар нягталж байгаад Хятадын талтай ярилцана. Юуны түрүүнд аюулгүй байдал хамгийн чухал байна.

    Коронавирус бидний төсөөлснөөс ч маш хурдацтай тархаж байна. Тиймээс бидний хувьд аюулгүй байдал, эдийн засгаа хослуулах шаардлагатай байна. Аль нэгийг нь орхигдуулаад өвчин манай улсад нэг л ороод ирвэл жижиг эдийн засагтай улсад хүнд байдал үүснэ.

    -Газрын тосны үнэ дэлхийн зах зээл дээр унаж байна. Цаашид үнийн өөрчлөлтийг хэрхэн тооцоолж байгаа вэ?

    -БНХАУ-тай аль аль талдаа тэг зогсолт хийсэн. Энэ нь эрэлт, нийлүүлэлт гацсан анхны тохиолдол бөгөөд үүнийг зөв урагшлуулах үүднээс өдөрт нүүрс тээвэрлэлтийн квот 200 эсвэл 400 байх уу, зардал өртөг ямар байх талаар ААН-үүдийн удирдлагатай ярилцаж байж шийдвэрлэнэ.

    -Нүүрсний экспорт зогссон хугацаанд хэдэн төгрөгийн алдагдал хүлээв?

    -Улсын төсөв нэг их наяд төгрөгөөр тасарсан тооцоо байна.

    -Төсөвт тодотгол хийх шаардлага үүсэх үү?

    -Сангийн сайд Ч.Хүрэлбаатар төсөвт тодотгол хийхгүй байх тал дээр анхаарч ажиллах юм шиг байна лээ.

    -Ардчилсан намын даргын зөвлөх З.Энхболд “Эрдэнэс Тавантолгой хувьчлагдана” гэсэн мэдээллийг цахим орчинд тараасан. Энэ асуудалд салбарын сайдын хувьд тайлбар өгнө үү?

    -2015 оны дөрөвдүгээр сарын 07-ны өдөр Тавантолгойг хувийн компанид өгөх гэж байсныг З.Энхболд УИХ-ын дарга байхдаа зогсоосон нь сайшаалтай зүйл бий. Тухайн үед ажлын хэсэгт нь би орж ажиллаж байсан. Би ч тэр үед ажлын хэсэгт ороод, “Тавантолгой” төрийн мэдэлд байж, цаашаа хөгжих ёстой гэдэг байр суурийг баримталж байсан.

    У.Хүрэлсүх даргын Засгийн газар байгуулагдсанаас хойш “Тавантолгой”-н бүлэг ордыг бид яах ёстой юм. Энэ асуудлыг хариуцаж байгаа сайдын хувьд судалж, санал боловсруулж, танилцуул” гэсэн чиглэлийг өгсөн. Мэдээж “Шинхуа” групптэй холбоотой, төмөр зам барих, нүүрсний экспорттой холбоотой хүндрэлүүд гарч мэдэх нь гэдэг ярианууд ч хүчтэй байсан.

    “Тавантолгой” 10 жилийн хугацаанд улс төрийн зовлонг туулсан. Мега төсөл гэдэг дандаа л улс төрийн хардалт сэрдэлт дагуулдаг зүйл. Бид бодож бодож олон улсын хөрөнгийн бирж дээр нээлттэй хувьцаат компани болгоё гэж шийдсэн. Ингэснээр илүү ил тод, засаглал сайтай, үйл ажиллагаа нь олон улсын стандартын дагуу явах нь манай ард түмний хүсэн хүлээж байгаа зүйл гэж үзэж, бирж дээр гарах нь хамгийн зөв гэж үзсэн.

    Дараа нь Засгийн газрын хуралдаанаар хэд хэдэн хувилбарыг ярилцаж байж, 2018 оны зургаадугаар сарын 14-нд ҮАБЗ-ийн зөвлөмжийг ч гаргуулсан. “Эрдэнэс Тавантолгой”компанийн 30 хувийг олон улсын хөрөнгийн биржид нээлттэй гаргахыг ҮАБЗ-өөс зөвлөмж байдлаар УИХ, Засгийн газарт хүргүүлсэн. Үүний дагуу Засгийн газар хуулийн төсөл боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлсэн.

    Дараа нь МАН-ын бүлэг, АН-ын зөвлөлөөр хэлэлцүүлсэн. Томоохон төслийг бид нууж хаасан юм огт байхгүй. Оюутолгойн төсөл зэрэг өмнөх түүхээ давтаж болохгүй. Ялангуяа Ерөнхий сайд У.Хүрэлсүх замбараагүй явж ирсэн уул уурхайн асуудлыг цэгцэлж ирсэн. Энэ байр сууриндаа одоо ч хэвээр.

    Үүнээс хойш 10 гаруй тогтоол Засгийн газар гаргасан. Ямар нэг маргаан элдэв гүтгэлэг гарах вий гэж болгоомжилсон. Тал талын зөвшилцлийг хангаж Тавантолгойн орд ард түмний мэдэлд Төрийн өмчит компани байх нь зөв гэж үзээд холбогдох шийдвэрийг гаргасан. Харамсалтай нь 2020 оны улс төр эхэлж байх шиг байна.

    Тавантолгойн ордоор битгий улс төр хийгээч ээ. Улсын эрх ашиг аль нэг намын эрх ашгаас илүү шүү.  Улс төрийн эрх ашиг байлаа ч гэсэн тоглоом тоотой нь дээр. Аливаа зүйлд зөв хандах ёстой. Өөрөө анхнаас нь дэмжээд явж байсан атлаа тухайн үед яагаад асуудал тавиагүй юм. Энэ бүхэн асуултын тэмдэг хэвээр байна.

    Нийт Тавантолгойн зургаан орд дээр найман тусгай зөвшөөрөл байдаг. Найман тусгай зөвшөөрлийн нэг участик дээр нь эхний ээлжинд үнэлгээ тогтоон, үнэ цэнийг нь олон улсын стандарт хүргэх нь зөв юм байна гэж үзэж байгаа. Бүх ордны 30 хувийг тавиад тууна гэдэг асар том эрсдэл хүлээх учраас чухал хүлээгдэж байсан хэмжээний ч юм уу өөрсдийн нь яриад байгаа таван тэрбум ам.долларын хэмжээ бол бүхэл ордоороо. Найман тусгай зөвшөөрөл буюу зургаан орд дээр Зүүн Цанхийн ордын 100 хувь гэж үзэхэд 30 хувь дээр нь л хөрөнгө босгох ажлыг хийхгүйгээр цаашдаа болохгүй юм байна гэж байгаа юм. Тавантолгойн бүлэг ордын хайгуул 55 хувь дээрээ хийгдсэн зарим нь хайгуулынхаа нөөцийг олон улсын стандартад хүлээн зөвшөөрөгдсөн байдлаар хараахан тогтоож амжаагүй байна.

    -З.Энхболд нарын мэдээллийн дагуу та шүүхэд хандаж байгаа гэсэн үү?

    -С.Эрдэнэ гуай намайг зөндөө гүтгэсэн. Буруу зөрүү ойлгосон байх вий гэж би аливаа зүйлд хүлээцтэй хандсаар ирсэн. Сонгууль дөхсөн энэ үед аливааг цааш нь хөөргөдөг хэсэг байна. Хүнийг утга учиргүй гүтгэдэг хэсэг ч байна. Би гүтгүүлсэн гэдэг дээр уурлаад байгаа юм биш. Дуугарахгүй яваад байвал үнэн юм байна гэдэг ойлголт нийгэмд төрнө шүү дээ. Иргэд , сонгогчид, ээж аав маань хүртэл буруу зөрүү ойлгочих вий гэдэг үүднээс өчигдөр С.Эрдэнийг цагдаагийн байгууллагад шалгуулахаар хандсан.

    -Оюутолгойн гэрээг сайжруулах тухай УИХ-ын тогтоолын хэрэгжилт ямар шатандаа явна вэ. Рио Тинтотой хэлэлцээрийн ширээний ард хэзээ суух вэ?

    – Энэ ажлыг Л.Оюун-Эрдэнэ сайд ахалж байгаа. Сайд нар өөрсдийн чиг үүргийн дагуу асуудлаа хуваарилж аваад ажиллаж байгаа. Оюутолгойн гэрээг сайжруулж, Монгол талдаа үр өгөөжтэй зүйлийг авчрах шаардлага зайлшгүй бий. Тавантолгой өнөөдөр төрд байгаагаараа ямар олон давуу талыг бий болгож байгааг бид бодитоор харж байна. Зүүнбаян, Гашаансухайтын төмөр замын тавьж байна. Тавантолгойн түлшээ шийдээд явж байна. Иргэддээ 96 мянга хүртэл төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар болоод байна. Энэ төсөл цаашдаа амжилттай хэрэгжээд явбал үүнээс илүү өгөөжтэй байна гэдэг нь харагдаж байгаа. Түүний нэгэн адилаар Оюутолгой юу болж байна вэ гэдгийг харьцуулаад харах хэрэгтэй. Энэ бол намын бүлгүүд, УИХ-аар оруулаагүй, Засгийн газраас тогтоол гаргаагүйн алдаа.

    Тийм учраас томоохон төсөл, хөтбөрүүдийг улс төрийн намуудын бүлгээр хэлэлцүүлж, Засгийн газраар тогтоолоо оруулж албажуулж, Их хурал, байнгын хороогоор дахин дахин оруулж байж алдаа оноогоо засаж залруулах зүг рүү явна.

    – Оюутолгойн ТУЗ-ийн гишүүдийг өөрчлөх үү?

    – Оюутолгойн ТУЗ-тэй холбоотой асуудал газар аваад байгаа. ТУЗ-д юмаа мэддэг, мэргэжлийн хүмүүсийг оруулж ирж хараа хяналтаа сайжруулахгүй бол урсгалаараа явсны гайг олон түмнээрээ амсаж байна. Тиймээс ТУЗ-ийг богино хугацаанд сольж, чадварлаг боловсон хүчнийг томилох ёстой. 34 хувийн үр өгөөжийн нэмэгдүүлэх чиглэлд ажиллах нь зөв гэж үзэж байна. Зардлын хэтрэлтийг багасгах хэрэгтэй.

    -Энэ Засгийн газрын үед Оюутолгойн гэрээг сайжруулж амжих уу?

    -Боломжтой гэсэн хувилбаруудаа бид явуулчих хэрэгтэй. Ялангуяа далд уурхайн бүтээн байгуулалтын уулын ажлын төлөвлөгөөнд асуудал үүссэн. Юу гэхээр, тооцоолж байсан чулуулгын хатуулгын хэмжээ байснаасаа тодорхой хувиар зөөлөрсөн. Хөрсний бүтэж нь зөөлөн байсан учраас ирээдүйд гүний уурхайн үйл ажиллагаа явуулахад хүндрэл бэрхшээл, аюул осол дагуулж мэдэх нь гэдэг дүгнэлтийг гаргасан. Энэ хүрээнд ТЭЗҮ-ийг дахин хийж байгаа. 2020 оны зургаадугаар сар гэхэд урьдчилсан байдлаар ТЭЗҮ гараад, тооцолол нь бэлэн болсон байна байх.

    ТЭҮЗ-тэй холбоотойгоор уулын ажлын нөхцөл, гео техникийн нөхцөлтэй холбоотой ажил яах аргагүй нэг явж болно. Түүнээс өмнө татварын асуудал болон хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүний хувь хэмжээг бууруулах асуудлыг тавина. Лайбор+6.5 хувь гэхээр бараг 10 хувь болчихоод байгаа юм. Тиймээс 6.5-ыг хоёр функтээр буулгаж өгөөч гэдэг хүсэлт тавиад байгаа. Хэрэв хоёр функтээр буучихвал бидэнд давуу тал бий болно.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ