• Шинжлэх ухаанд бол гар барих нь сэжиг хүрмээр зүйл гэжээ

    Германы Канцлер Ангела Маркель өчигдөр болсон уулзалтын үеэр Дотоод хэргийн сайдтайгаа мэндчилэхээр гараа сунгасан боловч хариуд нь гар барилгүй, даллаад өнгөрчээ.

    Хэрвээ коронавирус гараагүй үед сайд ийм үйлдэл гаргасан бол ихэд бүдүүлэгт тооцогдох нь ойлгомжтой. Гэвч Герман улсад 150 иргэн нь коронавирусын халдвар авсан нь тогтоогдоод буй энэ үед Ангела инээмсэглэн “Таны хийсэн үйлдэл хамгийн зөв” хэмээн хариулжээ.

    Коронавирус нь дэлхий дахины, тэр дундаа барууны нийгмийн харилцааг бүхэлд нь өөрчилж байна. Европчуудын соёлд шингэсэн өдөр тутам мэндлэхдээ гар барих, хацар дээр үнсэх, тэврэх зэргийг олон нийт өмнөх шигээ сайхнаар хүлээж авахаа аль хэдийнэ больжээ.

    Францын Эрүүл мэндийн сайд нь мөн адил тэврэлдэх, үнсэн мэндчилхэийг хориглохыг зөвлөсөн боловч  өнгөрсөн долоо хоногт Неапольд болсон дээд хэмжээний уулзалтын үеэр Ерөнхийлөгч нь Италийн Ерөнхий сайдыг хоёр ч удаа хацар дээр нь үнсээд авсан байна.

    Ийнхүү улс орнууд гар барих, үнсэх, тэврэхээс татгалзахын зэрэгцээ гарын ариун цэврийг сахихыг чухалчлан зөвлөж байна.

    Их Британийн Anglia Ruskin их сургуулийн Анагаахын боловсролын захирал Ники Милнерийн хэлснээр “Шинжлэх ухаанд бол гар барих нь сэжиг хүрмээр зүйл” гэжээ.

    Бид гаран дээрээ жирийн үед дунджаар 150 өөр төрөл зүйлийн 3,200 орчим бактери тээн явдаг нь судалгаагаар тогтоогдсон байна. Гэтэл бид амьдралынхаа турш дунджаар 15,000 удаа гар барьдаг байна.

    Гар барих нь гарын нударгаа нийлүүлэх, алгаа цохихоос хоёр дахин их хэмжээний бактерийг дамжуулдаг байна. Учир нь гар барихад хоёр хүний гарын алга, хурууны завсар гээд бүх хэсэг нь хүрэлцдэг ажээ.

    Гэхдээ зарим улсад гар барихаас өөр байдлаар мэндчилж заншжээ

    Япон улсын хувьд уулзаж байгаа хүнтэй бөхийж мэндлэх нь зүйтэй. Дээд албаны хүн эсвэл настай хүнтэй уулзвал илүү сайн бөхийх хэрэгтэй гэдэг. Харин Этиопд тохойгоороо шүргэлцэж мэндэлдэг.

    Гэвч зарим улс,жишээ нь Их Британийн хувьд гар барих нь уулзалт, бизнес гээд бүх л зүйлийн эхлэл, төгсгөлд хүчтэй илэрхийлэл болдог учраас гарын ариун цэврийн сайтар сахихыг илүүд үзэж байна.

    ДЭМБ-аас гар барихын оронд тохойгоороо шүргэлцэх, хөлөөрөө мэндчилэх, гараа даллах аргуудыг зөвлөж байна.

    Эх сурвалж:theguardian

    gereg.mn

    Холбоотой мэдээ