• Сонсгол,хэл ярианы бэрхшээлтэй иргэдийн дуудлага, мэдээллийг цагдаа,эмнэлгийн тусгай дугаарт мессэжээр авдаг боллоо

    Жил бүрийн гуравдугаар сарын 03-ны энэ өдрийг ДЭМБ-аас “Сонсгол хамгаалах дэлхийн өдөр” хэмээн зарлаж олон улсад тэмдэглэн өнгөрүүлэхийг уриалдаг.

    Дэлхийн нийт хүн амын 20 хүн тутмын нэг нь сонсголын бэрхшээлтэй бөгөөд энэ тоо цаашид нэмэгдэнэ гэж үздэг. Эмч мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар 2050 он гэхэд дэлхийн 900 сая гаруй хүн сонсголын чадвараа алдах болно гэсэн тооцоо бий.

    Монгол улсад хувьд сонсголын бэрхшээлтэй 8,439 хүн байдгаас 3,789 нь эмэгтэй , 4194 нь эрэгтэй, 671 нь 0-17 насны хүүхэд байна. Үүнээс Улаанбаатрын хэмжээнд сонсгол,хэл ярианы бэрхшээлтэй нийт 2700 гаруй иргэд бий.

    ДЭМБ-аас 2020 оны Сонсгол хамгаалах өдрийг “Сонсголын бэрхшээл таныг хязгаарлахгүй…” уриан дор сонсголын бэрхшээл таныг чадварыг хязгаарлах ёсгүй уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.

    Тэгвэл Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвтэй хамтран тусгай дугаарын 101,102,103,105 утсанд сонсгол хэл ярианы бэрхшээлтэй иргэдээс ирүүлэх яаралтай тусламжийн дуудлага, мэдээллийг богино зурвас /sms/-аар цагдаа, онцгой байдал, эмнэлгийн байгууллага цаг алдалгүй хүлээн авах, тусламж хүргэх техникийн боломжийг бий болгожээ.

    Хоёрдугаар сарын 27-ны өдрөөс эхлэн анхны дуудлага мэссэжүүдийг хүлээн авч эхлээд буй. Энэхүү ажлын хүрээнд Нийслэлийн 9 дүүргийн сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй 2700 гаруй иргэдийн овог нэр, РД, хаяг байршил, утасны дугаар зэрэг мэдээллээр статистик бүртгэл судалгааг нэгтгэн боловсруулжээ.

    “Сонсгол хамгаалах дэлхийн өдөр”-ийн хүрээнд Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газраас нийт ард иргэдэд сонсголоо хамгаалахын ач холбогдол, дүлийрэл, сонсгол бууралтаас сэргийлэх талаар зөвлөмжийг хүргэхээс гадна Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвөөр үйлчлүүлж буй хүүхдүүдэд чих, хамар хоолойн эмчийн урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоог хийж, зөвлөгөө өгч байгаа аж.

    Орчин үеийн техник технологижсон байдал, хүүхэд залуусын чихэвчний зохисгүй, хэтэрсэн хэрэглээ, осол гэмтэл, чих хамар хоолойн үрэвсэлт өвчин, эм тарианы буруу хэрэглээ, гаж нөлөө зэрэг олон шалтгааны улмаас сонсгол бууралт, сонсгол алдалтын тоо нэмэгдэж байгаа юм.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ