• Өмнөд Солонгосын “Христ” ард түмнээс өвдөг сөгдөн уучлалт гуйв

    Өмнөд Солонгост шинэ коронавирус тархахад гол үүрэг гүйцэтгэсэн гэгдэж байгаа Шинчёнжи /Шинэ тэнгэр шинэ газар/ сүмийн тэргүүн Ли Ман Хэ өчигдөр хэвлэлийн хурал зохион байгуулж, олон нийтээс уучлал гуйлаа.

    89 настай тэрбээр өөрийгөө Хоёрдугаар “Христ” гэдэг бөгөөд Тэгүд төвөлж үйл ажиллагаагаа явуулдаг аж. Тус улсад илэрсэн нийт халдварын тохиолдлын 60 орчим хувь нь Тэгү хот дахь Шинчёнжи сүмийн гишүүд юм.

    “Сүмийн үүсгэн байгуулагчийн хувьд би болсон явдлын төлөө уучлал гуйж байна. Би чадах бүхнээ хийсэн ч тархалтыг зогсоож дийлсэнгүй. Тиймээс иргэдээс уучлал гуйж байна. Засгийн газар Тэгүгийн Шинчёнжи сүмээс халдвар тараахгүй байхын тулд бүхнийг хийж, бид бүх нөөц бололцоогоороо тусалж байна. Ийм зүйл болно гэж би огт төсөөлөөгүй. Яагаад ийм зүйл тохиолдсоныг ойлгохгүй байна. Бид алдаагаа ойлгож байна” гэж Ли Ман Хэ хэлж өвдөг сөхрөн мөргөжээ.

    Өнөөдөр өглөөний байдлаар Өмнөд Солонгос даяар Covid-19 вирусийн халдварын нийт тоо 4,812 болсон байна. Нас барсан өвчтөний тоо 29-д хүрчээ.

    Шинчёнжи сүмийн 210,000 орчим гишүүнээс коронавирусийн шинжилгээ авах учир халдварын тохиолдлын тоо огцом нэмэгдэх төлөвтэй байна. Шинчёнжи сүмийн захиргаанаас мэдүүлэхдээ арванхоёрдугаар сараас хойш Хятадын Ухань хотоос ганц ч сүсэгтэн Өмнөд Солонгост ирээгүй гэжээ.

    Гэтэл нэгдүгээр сарын 8-нд тус сүмийн нэг гишүүн Хятадын коронавирусийн тархалтын төв болсон Ухань хотоос ирснийг олж тогтоосон болохоо Өмнөд Солонгосын засгийн газар өчигдөр мэдээлсэн байна.

    Ням гарагт Сөүл хотын захирагч Пак Вон Сүн сүмийн тэргүүн Ли Ман Хэ болон бусад хүмүүсийг шалгуулахаар прокурорын газарт хүсэлт гаргаад байна.

    Шинчёнжи сүмийг тарааж, үйл ажиллагааг нь хориглохыг шаардсан хөдөлгөөн Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн вэб сайт дээр үүсэж, 200,000 гаруй иргэний гарын үсэг цуглуулаад байна.

    Солонгосын олон “Христ”-үүд ийнхүү эхнээсээ ард түмэндээ гай чирч эхэллээ.

    Эх сурвалж: Korea Times

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ