ОБЕГ-ын хандивын дансанд 227 сая төгрөг цуглаад байна

Шинэ коронавирусийн халдварт өвчний эрсдлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Улсын Онцгой комиссын үйл ажиллагааг дэмжин урлаг соёл, спортын зүтгэлтнүүд, аж ахуйн нэгжүүд болон иргэд сайн дурын үндсэн дээр бэлэн мөнгө, бараа материалын хандив өгч, дэмжлэг үзүүлсээр байна.

Өчигдөр “Хурд” хамтлагийн гишүүд гурван сая төгрөг бэлнээр хандивлаж, 3 дугаар сарын 8-нд “Буцааж нэхэхгүй хайр” тоглолтоо хийж, “Монгол HD” телевизийн эфирээр шууд дамжуулахаас гадна цахим хэлбэрээр үзэгчиддээ хүргэхээр ажиллаж байгаагаа Шадар сайдад хэллээ.

“Ачит Ихт” ХХК 100 сая төгрөг, “Богд банк” 20 сая төгрөг, “Петро Чайна Дачин тамсаг” компани 5.8 сая төгрөг, УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд, Ажлын албаны ажилчид хоёр өдрийн цалингаа тус тус хандивлажээ.

Харин иргэн Л.Одбаяр, Э.Тамир нар 60 сая төгрөгийн үнэ бүхий 30 ширхэг эмнэлгийн ор, “Эника органик импекс” компани 10 сая төгрөгийн 200 ширхэг чацарганы үрийн тос, “Херо интертайнмент” 100 ширхэг хамгаалалтын хувцас, 40 ширхэг нүдний шил, “Аварга” дээд сургуулийн сургалтын алба 200 толгой хонь хандивлаж, хэрэгцээт бараа, эд материалын дэмжлэгийг үзүүллээ.

2020 оны 2 дугаар сарын 27-ны өдөр ОБЕГ-аас Төрийн банк: 1000900031405 дугаарын хандивын дансыг нээснээс хойш 116 иргэн, аж ахуйн нэгжээс 2,000-100 сая хүртэл төгрөгийн хандивыг илгээж,  нийт 227,612,708.0 төгрөг төвлөрүүлжээ. Бараа бүтээгдэхүүн, эд материалын үнийн дүнг хараахан нэгтгээгүй байна.

Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны явцад хандивын мөнгө, бараа бүтээгдэхүүнийг зориулалтын дагуу хэрэглэж, зарцуулах, иргэд олон нийтэд нээлттэй, шилэн дансаар тайлагнах ажлыг УОК-ын Ажлын алба болон УОК-ын даргын тушаалаар байгуулагдсан Шуурхай ажлын хэсэг зохион байгуулах ажээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ