• Постонд үүрэг гүйцэтгэж байсан Төмөр замчин бага эмч автомашинд хүүхэд эх барьж авчээ

    2020-03-02

    Улсын онцгой комисс нь коронавирусээс урьдчилан сэргийлж орон нутгийн зам, тээвэр хааж, хөл хорио тогтоосон. Үүний хүрээнд Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын захирамжийн дагуу сумын цагдаа, онцгой байдлын алба хаагчидтай хамтран Дархан татах хэсгийн харьяа Зүүнхараа солилцох тасгийн зохицуулагч бага эмч Б.Бадамцэцэг Сангийн аж ахуйн “100 мод” түр постонд өчигдөр  үүрэг гүйцэтгэжээ.  Энэ үеэр буюу гуравдугаар сарын 01-ний 15.00 цагийн үед иргэн н.Саруулбаярын  эхнэр н.Энхчимэг нь төрөхийн өвдөлт өгч эхэлсэн  тул өөрсдийн приус маркийн машинаар постон дээр ирсэн байна.  Ус нь гарсан учир эмнэлэгт хүрч амжхааргүй байсан тул бага эмч Б.Бадамцэцэг эмч хүнийхээ үүргийг нэр төртэйгөөр биелүүлэн 2.250 гр охиныг  эх барьж авчээ.

    Түүнтэй холбогдож болсон явдлын талаар тодруулахад…

    Сая ээлжнээсээ буугаад гэртээ ирж байна. Өглөө залгаж ээж, охин хоёрын биеийг асуухад сайн байна гэсэн. Ингэсгээд явж эргэнэ дээ. Эмнэлэгт хэвтэж байгаад төрөх болоогүй гээд гэртээ харьсан юм билээ. Тэгсэн гэнэт өвдөөд Мандал сум руу явж байж л дээ. Цаад постон дээр ирээд намайг дуудуулахад нь савтай багажаа аваад очсон. Тэгээд түргэн дуудчихаад өмнөөс нь сум руу явж байтал замдаа төрүүлэхээс аргагүй болсон. Өмнө нь, дадлага хийж байхдаа харснаас биш өөрөө гардаж үзээгүй болохоор маш их сандарсан.

    Тэгээд машинаа зогсоож байгаад 103 руу залгаж зөвлөгөө авсан. Би өмнө нь эх барьж байгаагүй л дээ. Тухайн үед их сандарсан. Гэхдээ тангараг өргөсөн эмч хүн  хаана ч ямар ч нөхцөлд эмнэлгийн тусламж үзүүлэх ёстой.  Надад төрөхийн тусламж үзүүлэх ямар ч багаж хэрэгсэл байгаагүй.

    Халуун хэмжигч, гар ариутгагч, нэг удаагийн маск  л байсан. Төрөлтийн хугацаа 10 минут л болсон байх. Хүүхдээ бэлдсэн өлгийнд нь өлгийдөөд хүйг нь нэг удаагийн маскны резинээр боосон. Удалгүй түргэний машин ирж эмнэлэгт хүргэсэн.

    Тэрээр айлын зургаа дахь хүүхдийг нь эх барьж авчээ. Б.Бадамцэцэг 2018 онд Этүгэн их сургуулийн эмчилгээний ангийг их эмч мэргэжлээр төгсөөд тус солилцох тасгийн бага эмчийн орон тоонд ажиллаж байгаа ажээ.

     

     

     

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ