
АШУҮИС-ийн Био-Анагаахын сургуулийн Дархлаа судлалын тэнхимийн багш, Анагаах ухааны доктор Лхагвасүрэнгийн Энхсайхантай хүний биеийн дархлаа тогтолцооны талаар ярилцлаа.
-Коронавирусийн халдвар хүн бүрийн сэтгэлийг түгшээж байна. Хэрвээ манай улсад COVID-19 бүртгэгдвэл өртөх эрсдэлтэй бүлэг нь өндөр настан болон хууч өвчтэй хүмүүс гэсэн. Яагаад гэдэг асуултад эхлээд хариулахгүй юу?
-Дархлааны үйл ажиллагаа наснаас хамаарч ялгаатай байдаг. Тухайлбал, нярай хүүхдийн дархлааны тогтолцоо бүрэн гүйцэд хөгжөөгүй байдаг учраас дөнгөж төрсөн болон бага насны хүүхэд халдварт өвчинд өртөмтгий байна.
Насанд хүрэгчдийн дархлааны үйл ажиллагаа харьцангуй тогтвортой, халдварт тэсвэртэй. Харин нас ахихын хэрээр буюу 50-иас дээш насныхны халдвар, хавдрын эсрэг дархлааны урвал буурч байдаг.
Цаашлаад үрэвслийн медиатор, цитокин тогтмол ялгарах учир эдийн гэмтэл нэмэгдэнэ. Үрэвслийн урвал бага эрчимтэй өрнөх нь хөгшрөлтийг хурдасгадаг. Тиймээс ямар нэг халдварын голомтыг эмчлүүлж байх нь маш чухал.
Нас ахих тутам эд эсийг шинээр нийлэгжүүлэх чадвар буурна. Жишээ нь хүний биемахбод нэг өдөрт хэрэглэх нейтрофил хэмээх залгиур эсийн тоо ≈1010/кг байна. Хөгшрөх тутам энэ хэрэгцээг хангах чадвар буурна.
-Нас ахих тусам дархлаа бага багаар суларсаар байдаг юм байна. Тэгвэл яаж дэмжих ёстой вэ?
-Бидний бие махбод гадна, дотно асар олон заналхийлэлийн дунд оршдог. Хүн бүрийн дархлаа тогтолцоо ялгаатай. Аливаа нэг өвчлөлөөр өвчлөх эсэх, өвчний хүндийн зэрэг нь удмын урьдал байдлаас шалтгаалдаг.
Мөн гадаад орчны нөлөө, физик, химийн хүчин зүйл, халуун хүйтний нөлөө, агаарын бохирдол, ажил мэргэжлийн онцлог, хорт зуршил, сэтгэл санааны байдал, өвчин үүсгэгч бичил биетний нөлөө зэрэг нь өвчний үүсэл, сэдрэл, хүндрэлд нөлөөлөх олон хүчин зүйл болдог. Нас, хүйс, удмын урьдал, дааврын солилцоо нь бидний өөрчилж чадахгүй хүчин зүйлс. Харин амьдралын зөв хэвшил,цэвэр цэмцгэр байдал, хорт зуршлаас зайлсхийх нь биднээс шалтгаалах учир энэ бүхнээс татгалзаж дархлаагаа дэмжих боломжтой. Нийгэм эдийн засгийн хүчин зүйл, дайн байлдаан, нийгмийн сөрөг стресс, айдас түгшүүр дархлааны тэнцвэрт байдалд ч нөлөөлнө.
Дархлааны системийг дэмжих хэд хэдэн арга бий…
- Нэгдүгээрт, Бүтээлч үр дүнтэй байдал тархины эд эсийг сэргээж, аз жаргалын даавар ялгаруулдаг. Өөрөөр хэлбэл, урам зориг, эрч, хүч, өөртөө итгэх итгэл нь дархлааны үйл ажиллагаанд эерэг нөлөө үзүүлнэ.
- Хоёрдугаарт, Өөрт тохирсон дасгал хөдөлгөөн, өлчир чийрэг байдал нь дархлааны үйл ажиллагааг дэмждэг. Дасгалын нөлөөгөөр эд эсийн цус, тунгалгийн эргэлт сайжирч, хуримтлагдсан хорт бодис, өвчин үүсгэгчийг биеэс зайлуулдаг. Click To Tweet
Шууд төмөр өргөх, огцом гүйх биш. Гурван километр гүйхийн тулд долоо хоногийн турш өдөр бүр 400 метр алхаад, 100 метр нь гүйх, дараагийн долоо хоногт 300 метр алхаад 200 метр гүйх гэсэн байдлаар дасгах хэрэгтэй.
Долоо хоногт 3-4 удаа, нэг удаад 30 минут орчин хөлсөө гарган дасгал хийхэд духны өмнөд атирааны холтослог давхарга, чамархайн дэлбэн, гиппокамп зэрэг тархины чухал хэсэгт нөлөөлөн мэдрэлийн шинэ эс үүсч, бүтэц үйл ажиллагаа нь сайжирдаг болохыг Wendy Suzuki нарын эрдэмтэд тогтоосон. Ер нь дасгал хийх нь анхаарал төвлөрлийг сайжруулж, тархины мэдрэлийн эсийг хамгаалан, удаан хугацааны ой тогтоолтыг нэмэгдүүлдэг гээд маш олон талын ач холбогдолтой. Click To Tweet
Сэтгэл санаатай дархлаа тогтолцоо нягт уялдаатай байдаг учир сэтгэлийн тэнцвэрт байдлыг хангах энгийн дасгалыг хийж сурах хэрэгтэй.
Амьсгалын дасгал нь сэтгэлийг төвлөрүүлж, тархийг амраахад тусална. Дасгал хөдөлгөөн хийснээр зөнөх өвчин (Айлцгеймерийн өвчин), сэтгэл гутралаас сэргийлдэг болохыг миний сая хэлсэн эрдэмтэд тэмдэглэсэн байна.
Зөв алхаа гишгээ, зөв суух нь хүртэл нөлөөтэй. Суух үед нуруу цэх, гэдсээ бага зэрэг чангалах хэрэгтэй. Click To TweetАлхах гишгэх үед өвдөгний үе тэнийж байгаа эсэхийг анзаараарай. Өвдөгний үеэр тэнийж урд талын хөл гишгэх нь өвдөг, түнхний үеийг хамгаалах нэг арга. Гуяны булчин, нурууны булчин сул байх нь өвдөгний үе өвдөх шалтгааны нэг болдог. Тиймээс дасгал, хөдөлгөөнийг зөвлөж байна.
- Гуравдугаарт, сэтгэл санааны тэнцвэрт байдал дархлааны үйлийг тэтгэдэг. Түмэн бодол биеийг ядрааж цуцаана.
Санаж, бодсон зүйлээ гараас гаргавал сэтгэл амарч, бие тэнийдэг. Тэр хэрээрээ дархлааны үйл ажиллагаа ч сайжирна. Үр дүнгүй завгүй байх бус зөв, үр ашигтай цагийг өнгөрөөх нь чухал.
-
- Дөрөвдүгээрт, агаар салхи чухал. Цэвэрт агаарт гарах, өрөөний агаарыг сэлгэх нь бие махбодийн эд эсийг хүчилтөрөгчөөр тэтгэхэд тусална. Хүний биед өрнөх асар олон биохимийн урвалд хүчилтөрөгч нэн шаардлагатай байдаг. Ажиллахын хажуугаар чөлөөт цагаа зөв өнгөрүүлж, инээд хөгжөөнтэй, гэр бүлийн халуун дулаан уур амьсгалтай байх нь дархлааг дэмжих нэг нөхцөл юм. Зун хөдөө цэвэр агаарт гүйж харайж, тоглосон хүүхдүүд хэр баргийн өвчилдөггүй. Нар салхи, байгаль хүнийг эмчилнэ. Click To Tweet
-
Иргэд Д аминдэмийг нарнаас авдаг гэж ярьдаг. Бидний бие махбод нарнаас Д аминдэмийг авахгүй. Харин нарны хэт ягаан туяаны нөлөөгөөр хүний арьсны өргөст ба суурийн давхаргын эсэд 7-дегидрохолестрол нь 9-10-р нүүрстөрөгчийн атомуудын хооронд холбоо тасрах урвалд орж Д аминдэмийн урьдал бодис үүсдэг.
- Д аминдэмийн урьдал бодис нь цаашид элэг, бөөрөнд исэлдэх урвалд орсны нөлөөгөөр идэвхтэй хэлбэрийн Д аминдэм болох 1α,25(OH)2D3 хэлбэр буюу кальцитриол үүсч биологийн үйлдэл үзүүлнэ. Манай улс хойд өргөрөгийн 480-д оршдог газарзүйн байрлалын улмаас нарны гэрлийн нөлөөгөөр Д аминдэмийн урьдал бодисын хувирал болох цаг хугацаа хангалтгүй байдаг. Арьсны гадаргууг наранд ил гаргах хугацаа бага, зөвхөн нүүр ил явдаг. Агаарын бохирдлын үед нарын хэт ягаан туяа нэвтрэх нь мууддаг байна. Д.Ганмаа доктор нарын Улаанбаатар хотод хийсэн судалгаагаар Д аминдэм урьдал бодисоос арьсанд нийлэгжих хугацаа нь 4-9-р сарууд байна.
Д аминдэм агуулсан хоол хүнс манай улсад дутагдалтай байдаг тул Д аминдэмийг нэмэлтээр хэрэглэх эсвэл Д аминдэмээр баяжуулсан хүнс хэрэглэх шаардлагатай.
Биед махбодид Д аминдэм байхгүй үед…
- кальцийн шимэгдэлт 10-15 хувь,
- фосфорын шимэгдэлд 60 хувь байдаг
Бие махбодид Д аминдэм хангалттай байхад…
- кальцийн шимэгдэлт 30-40 хувь
- фосфорынх 80 хувь болж нэмэгддэг.
- Тавдугаарт, хоол хүнс бас хамгийн чухал. Өдөржин завгүй гүйж байгаад орой унтахын өмнө хоол идэх эсвэл нэг идэхдээ их иддэг буруу зуршилтай хүмүүс олон бий. Өдөрт гурван удаагийн хоол, хоолны завсарт 11, 15, 20 цагийн үед хөнгөн зууш идвэл тохиромжтой. Чихэр их идвэл хорт хавдрыг дэмждэг, хавдрын ургалт хурдасдаг. Чихэрлэг хүнс, чихэр их иддэг хүүхэд орой унтдаггүй, тархи нь шөнө амарч чаддаггүй, өглөө босдоггүй. Click To Tweet
Мөн чихэрлэг хүнс хэтрүүлэн их хэрэглэх нь грам сөрөг бактерийн халдварыг нэмэгдүүлдэг. Чихэрлэг хүнс, цагаан будаа, цагаан гурилан бүтээгдэхүүн, чихэрлэг ундаа нь чихрийн шижин, таргалалт өвчнийг нэмэгдүүлж байна. Омега-3 баялаг өөх тос агуулсан хүнсний бүтээгдэхүүн хэрэглэхэд зүрх судасны өвчлөлийг 80 хувиар бууруулж, түрүү булчирхай, хөх, бүдүүн гэдэсний хорт хавдрын өвчлөлийг бууруулдаг.
- Зургадугаарт, нойр сайн бол дархлаа сайн байна. Хөлсөө гартал гэрийн ажлаа хийх, дасгал хөдөлгөөн хийснээр сүүний хүчлийн хэмжээ нэмэгдэнэ. Сүүний хүчил нэмэгдэх нь мелатонин дааврын агууламжийг ихэсгэснээр нойр хүрж, сайн унтаж амрах нөхцөл болдог.
Гүн нойрсох үед тархинд хуримтлагдсан хортой бодисыг микрогли эсүүд зайлуулдаг. Эрт унтаж, эрт босвол сайн.
Дэлгэц их ширтэх нь дархлааг сулруулдаг
Өмнө нь өсвөр насныхны өвчин гэж үздэг байсан бол одоо насанд хүрэгчид, бага насны хүүхдүүд ч дэлгэцийн хамааралтай болсон байна.
Дэлгэцийн хамаарал хэт их байснаар…
- нэгдүгээрт, нуруу хүзүү, бусад үений гэмтэл ихэсч, нүүрний үрчлээ нэмэгддэг.
- Хоёрдугаарт, нүдний эд эс гэмтэн, нүдний булчин ядардаг. Нүдний эд эс гэмтэж, нүдний мэдрэл ядрах нь тархины эд эсийг гэмтээх нөлөө үзүүлдэг. Дэлгэцийн хамаарал нь гэр бүл, хүн хоорондын “амьд харилцаа”-г устгаж, ганцаардал, үл ойлголцол, өөртөө итгэлгүй байдал, сэтгэл гутрал, айдас түгшүүрийг бий болгоно. Тухайлбал нүүр номыг үзээд хүн өөрийгөө бусадтай хэт их харьцуулж, дутуу мэдрэмж төрдөг. Харьцуулалт үүссэнээр дотоод ухамсарт сэтгэлзүйн дарамт, гутрал бий болдог. Хэт их мэдээлэл хүнийг ядрааж байдаг талаар сэтгэл судлаач эрдэмтэн хэлсээр байна.
- Наймдугаарт, архи, тамхи зэрэг хорт зуршил биеийг өвчлүүлж, дархлааны эд эсийг гэмтээдэг. Тамхи татахад амьсгалын замын эд эс ихээр гэмтэж, ханиад томуугаар өвчлөх эрсдэл нэмэгддэг. Ийм хүмүүс С аминдэм хэрэглэвэл үр дүнтэй байдаг. Архи, тамхи бүх эд эсийг гэмтээж, хөгшрөлтийг түргэсгэн хавдрын ургалтыг ихэсгэдэг болохыг эрдэмтэд анхааруулдаг. Click To Tweet Өсвөр насны хүүхэд, залуус тамхи их татаж байна. Хүн бүр архи тамхины хор уршгийг ойлгож, хол явах хэрэгтэй.
- Есдүгээрт, ашигтай бичил биетэн дархлааны үйл ажиллагааг дэмждэг. Монгол хүмүүс тал шигээ уужим сэтгэлтэй гэж ярьдаг. Энэ нь сүү цагаан идээ, айраг, тараг, таана хөмүүлээ хоолондоо ашиглаж, чихэрлэг хүнс бага хэрэглэдэг байсантай холбоотой. 1990-иод оноос хойш бидний хоол хүнсний хэрэглээ маш их өөрчлөгдсөн. Хярамцаг, борц, дотор гэдэс идэх нь хотын хүүхдэд их содон холын хоол болжээ. Хоол хүнс, ахуй амьдралын онцлог өөрчлөгдсөн нь ашигтай бичил биетний тоо, чанар, төрөл зүйл буурахад хүргэж байна. Антибиотик, эм бэлдмэл, ариутгалын бодисын зохисгүй хэрэглээний улмаас хэвийн бичил биетний тоо буурах, микробиотын бүрдэл өөрчлөгдөх нь хоол боловсруулах замын дархлаанд нөлөөлдөг. Антибиотик хэрэглээний улмаас хэвийн бичил биетний тоо, чанар, олон угшилт байдлын тэнцвэр алдагдана. Энэ нь дархлааны үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлнө. Click To Tweet Нярай, бага насны хүүхдэд антибиотикийн зохисгүй хэрэглээнээс үүссэн микробиомын өөрчлөлт нас биед хүрсэн хойно нь таргалалт, чихрийн шижинг үүсгэдэг.
–Биед байх ёстой ашигтай бичил биетнийг устгах амархан өвчлөмтгий болох эрсдэлийг бий болгодог гэж ойлголоо. Зөв үү?
-Тэнгэр, далай тэнгис яагаад цэнхэр өнгөтэй байдаг нь байгаль дахь бичил биетэнтэй холбоотой. Байгаль дэлхий асар олон бичил биетний нөлөөлөл дор оршин тогтнодог. Тэдгээр бичил биетэн үгүй болбол бид амьдрах чадваргүй.
Байгаль ертөнцөд орших асар олон бичил биетнээс өчүүхэн хувь нь хүн, амьтанд өвчин үүсгэдэг. Бичил биетэнд бактери, вирус, шимэгч, мөөг, прион зэрэг нь хамаарна.
Бидний биед өвчин үүсгэдэг бичил биетэн байхаас гадна өвчин үүсгэдэггүй хэсэг бичил биетэн, мөн биемахбодийг хамгаалдаг ашигтай бичил биетнүүд арьс, салст бүрхэвч, хоол боловсруулах зам, амьсгал, шээс бэлгийн замд хэдэн тэрбум тоогоор оршдог.
Австрали, Япон, Америк зэрэг хотжилт өндөр хөгжсөн орны хүмүүс харшлаар өвчлөмтгий байдаг. Хөдөөний хүмүүс, фермерийн ажил эрхэлдэг хүмүүс хот суурин газар амьдардаг иргэдтэй харьцуулахад харшлаар өвчлөх нь бага байгааг тогтоосон судалгаанууд олон бий. Яагаад гэдгийг ухаад үзэхэд хөдөө ашигтай бактери их байсантай холбоотой байсан байгаа юм. Зуны турш уусан хөхүүрийн айраг, сүү цагаан идээ бидний биен дэх бичил орчинг эрүүл, эрч хүчтэй болгож байдаг.
Хөдөөний хүмүүсийн хүнсэндээ хэрэглэдэг сүү цагаан идээ, эдэлж хэрэглэдэг адуу мал нь хүртэл ашигтай бичил биетнээр баялаг. Энэ нь дархлааны үйл ажиллагааг дэмжих, халдвараас хамгаалах, хавдраас сэргийлэх, харшлыг бууруулах, таргалалт, чихрийн шижин өвчнөөс сэргийлэх нөлөө үзүүлдэг.
Үүнийг “Ахуйн онол”-оор тайлбарладаг.
Учир нь вакумдсан мах, сүү, хоол хүнсний бүтээгдэхүүний хэрэглээ, ахуйн хэрэглээний угаалгын олон төрлийн бодис ашигладаг цэвэрч байдал нь ашигтай бичил биетнийг бууруулдаг.
Ашигтай бичил биетэнг хэвийн бичил биетэн гэж бас хэлдэг. Бүдүүн гэдсэнд агуулагдах асар олон хэвийн бичил биетэн, түүнээс ялгарах бодисын солилцооны бүтээгдэхүүн нь тархины хэвийн үйл ажиллагааг хангах, оюун санаа, сэтгэл бодох чадварыг нэмэгдүүлдэг болохыг эрдэмтэд тогтоожээ. Бүдүүн гэдсийг хоёр дахь тархи гэж нэрлэж байна. AT Dang, BJ Marsland нарын судалгааны ажлаас харахад хэвийн бичил биетнээс нийлэгждэг богино гинжит өөхний хүчил дархлааг дэмжих нөлөө үзүүлдэг. Энэ нь бие махбодийн олон төрлийн эд эсэд плеотропик нөлөөтэй. Энэ талын судалгаанууд хийгдэж байна. Богино гинжит өөхний хүчил хоол боловсруулах зам, амьсгалын замын хамгаалах нөлөө үзүүлдэг талаар судлаачид тэмдэглэжээ. Гэдэсний хэвийн бичил биетний нөлөөгөөр хоол тэжээлийн ислэг ферментацид орж богино гинжит өөхний хүчил болон бодисын солилцооны бусад бүтээгдэхүүнийг үүсгэдэг. Эдгээр нь цусаар дамжин ясны чөмгөнд очиж, ясны чөмөгнөөс үүдэл эс, үүсгэвэр эс үүсэх, ялгаран хөгжихэд дэмжлэг үзүүлнэ. Хэвийн бичил биетнээс нийлэгжих богино гинжит өөхний хүчил нь уушги, хоол боловсруулах замын хучуур эс, төрөлхийн ба олдмол дархлааны эсэд шууд ба шууд бус олон замаар дэмжих нөлөөтэй. Үүнд:
- Салстын дархлааны урвалыг зохицуулахад оролцоно.
- Гэдэсний хучуур эсийн хамгаалах хоригийн үйл ажиллагааг дэмжинэ.
- Салстын эсийн нягт холбоосыг бэхжүүлнэ.
- Гоблетын эсээс шүүрэл ялгарах үйлийг идэвхжүүлдэг.
- Сийвэнт эсийн бодисийн солилцоог дэмжин IgA нийлэгжих үйл ажиллагааг нэмэгдүүлнэ. IgA нь салстын хамгаалах урвалд хамгийн чухал үүрэгтэй эсрэгбие билээ.
- Нарийн гэдэсний үйл ажиллагааг дэмжин, үрэвслийн эсрэг үйлдэл үзүүлдэг.
- Зохицуулагч Т эсийн үйл ажиллагаанд оролцоно.
- Харшлын эсрэг үйлдэлтэй
- Бие махбодийн дотоод орчны тэнцвэрт байдлыг хангана.
- Ясны чөмөгнөөс үүдэл эс, үүсгэвэр эс үүсэх, ялгаран хөгжихэд дэмжлэг үзүүлнэ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 cэтгэгдэлтэй
Uneheer oilgonjtoi shn yriltslaga bn
Мундаг багшдаа их баярлалаа, маш чухал зүйлүүдийг ойлголоо