• 2018 онд дууссан инновацийн төслөөс 15 оюуны өмчийн бүтээл төрөн гарчээ

    ШУТСангаас санхүүжүүлдэг бас нэг төсөл бол инновацийн төслүүд бөгөөд 2018 онд нийт 27 байгууллагын 38 инновацийн төсөлд 3,049.6 сая  төгрөгийн санхүүжилтийг олгож, хэрэгжүүлж дуусгажээ.

    Харин 2019 оны хувьд 12 эрдэм шинжилгээний хүрээлэн, гарааны компани, хувийн хэвшлийн нийт 18 төслийг санхүүжүүлж байна. Нийт санхүүжилтын дүнгээр ХАА-ын салбар 487.5 сая төгрөгөөр тэргүүлж байгаа бөгөөд нэг төсөлд дунджаар 54 сая төгрөг ногдож байгаа юм.

    Мөн 2018 оноос эхлэн шинжлэх ухаан, технологийн сүүлийн үеийн дэвшилтэт технологийг нэвтрүүлэх, нутагшуулах, инновацийн бүтээгдэхүүн, үйлчилгээг зах зээлд гаргах зорилгоор тодорхой төслүүдийг шалгаруулж, гэрээ байгуулах болсны дагуу 5 төсөлд нийт 300 сая төгрөгийн санхүүжилт олгосон байна.

    Грант гэж юу вэ?

    Грант авах төсөл нь бүтээгдэхүүн,үйлчилгээний анхдагч загвар,зүгшрүүлэлтийг хийсэн байх шаардлагатай.  Мөн грант авсан тохиолдолд төсөл бүрэн хэрэгжиж дууссаны дараа түүнээс ямар нэгэн инновацийн бүтээгдэхүүн, үйлчилгээ бодит хэрэглээнд нэвтэрсэн байх шаардлагатай аж. Санхүүжилтын дүнгийн хувьд төсөлд шаардлагатай нийт дүнгийн 40 хувиас ихгүй буюу 60 саяас бага төгрөг байна гэж ‘ИННОВАЦИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОРОЛЦОГЧИД ГРАНТ ОЛГОХ ЖУРАМ’-д заажээ.

    2018 онд дууссан 38 инновацийн төслөөс 14 төсөл тайлангаа ШУТСангийн “Итгэмжлэн хадгалагчид”-д хүлээлгэн өгсөн байна.

    Нийт 35 эрдэм шинжилгээний өгүүлэл, 19 шинэ,шинэчилсэн технологи, 28 илтгэл, 15 оюуны өмчийн бүтээл, 14 заавар зөвлөмж,аргачлал, 11 стандарт,ТЭЗҮ, 5 нэг сэдэвт бүтээл,ном товхимол төрөн гарчээ.
    #ШУТСангаас мэдээлж байна
    gereg.mn

    Холбоотой мэдээ