Д.Сарангэрэл: Коронавирусийн оношилгоог үнэн зөв хийж байгаа

Дэлхийн нийтийг түгшээж байгаа шинэ төрлийн коронавирусийн халдварын дэгдэлт улам бүр нэмэгдсээр байна.  Монгол улсад энэ өвчин одоогоор бүртгэгдээгүй байгаа ч урьдчилан сэргийлэх бүхий л боломжтой арга хэмжээг авсаар байна.  Япон болон ОХУ-аас оношлуур оруулж ирж, сэжигтэй тохиолдлуудыг оношлож байгаа. Тэгвэл иргэд үнэн зөв оношилж чадаж байгаа эсэхэд эргэлзэж байгаагаа илэрхийлсээр. 

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “Япон Улсад үйлдвэрлэгдсэн оношлуураар шинэ коронавирусын халдварыг илрүүлэх оношилгоог Монгол Улсад хийж байгаа билээ.   Өнөөдрийг хүртэл сэжиглэгдсэн 300 гаруй тохиолдолд тус оношлуурыг ашиглаж, Монгол Улсад шинэ коронавирусын халдвартай хүн гараагүй сайхан мэдээтэй байна.

Дэлхий даяар маш хурдацтай тархаж, 40 гаруй оронд халдвар тээгч илрээд байгаа энэ үед тус өвчний халдварын голомт БНХАУ-тай 4700 км хуурай газраар хиллэдэг Монгол Улсад шинэ коронавирусын халдвар ороогүй гэдэгт эргэлзэж байна. Монголчууд илрүүлж чадахгүй байгаа юм биш үү гэсэн эргэлзээ иргэдийн дунд ам дамжин яригдаж байгаа нь нууц биш зүйл.

Иймд эрүүл мэндийн салбарынхан оношлуурын үр дүнг туршилтаар шалгасан байна. Тодруулбал,  амьсгалын замын цочмог халдварын 60 тохиолдолд шинэ коронавирусын оношилгоог тус багажаар давхар хийсэн байна. Ингэхдээ түүврийн аргаар шатлалын эмнэлгүүдэд эмчлүүлж байгаа хүнд, хөнгөн өвчтнүүдэд оношилгоог хийхэд шинэ коронавирусын халдвар илрээгүй байна. Тиймээс коронавирусийн оношлогоог үнэн зөв хийж байгааг  мэдэгдэж байна” гэжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ