Өчигдөр коронавирусын халдвараар дэлхийд 459, Хятадад 412 хүн шинээр өвчилжээ

Covid-19 буюу шинэ төрлийн коронавирусийн халдвараар өчигдөр Хятадад 412 хүн шинээр өвчилсөн бол дэлхийн бусад оронд 459 хүн өвчилж анх удаа хятадынхаас давлаа. Тэр дундаа Европын хэд хэдэн улсад болон Өмнөд Америкт анх удаа бүртгэгдлээ.

Шинээр илэрсэн халдварын тохиолдлууд бүгд Италийн хойд бүс нутгаас гаралтай байна. Италийн Ломбарди мужид аялаад эх орондоо эргэж ирсэн Бразил улсын 61 настай иргэн улсдаа төдийгүй Өмнөд Америкт анхны халдвар тээгч болжээ.

Үүнээс гадна Грек, Финланд улсад өчигдөр Италиас ирсэн хүнээс анхны халдварын тохиолдлууд бүртгэгдсэн байна. Итали улсад өнөөдөр шинэ коронавирусийн халдварын 374 тохиолдол бүртгэгдэж, 12 өвчтөн нас бараад байгаа аж.

Европ тивд халдварын гол төв нь Итали улс болсон бол Ази тивд Өмнөд Солонгос, Ойрхи Дорнодод Иран улс Covid-19 вирусийн тархалтын төв болон хувирлаа.

Өчигдөр Өмнөд Солонгост халдварын 284 тохиолдол шинээр бүртгэгдсэн нь нэг өдөрт илэрсэн хамгийн их хэмжээ болж байгаа аж. Тус улсад нийтдээ 1,261 хүн халдвар авч, 12 өвчтөн нас баржээ. Дэгү хотын ойролцоох АНУ-ын цэргийн баазад коронавирусийн халдвар авсан нэг цэрэг илэрсэн байна. Тус улсад АНУ-ын нийт 28,500 цэрэг байрладаг юм.

Ойрхи Дорнодод вирус тархалтын гол төв болоод байгаа Иранд өчигдрийн байдлаар нийт 139 халдвар бүртгэгдэж, 19 өвчтөн нас баржээ. Тус улсын эрүүл мэндийн дэд сайд, парламентын гишүүн хүртэл халдвар аваад байна.

Мөн Пакистан улсад өчигдөр коронавирусийн халдварын анхны хоёр тохиолдол илэрсэн нь хоёул Ирантай холбоотой байсан аж. Иранаас Азербайжанаар дамжин ирсэн Гүрж улсын иргэн тус улсын анхны халдвар тээгч болоод байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ