• Хонгконг долоон сая хүн тус бүртээ 1280 ам.долларын бэлэн мөнгө өгч, эдийн засгийн хямралаа даван туулна

    Хонгконгийн Засгийн газар олон сар үргэлжилсэн бослого болон коронавирусын өвчлөлийн улмаас хүнд цохилтонд орсон эдийн засгаа босгохоор хичээж байгаа бөгөөд  ард иргэддээ бэлэн мөнгөний буцалтгүй тусламж үзүүлэхээр болжээ.

    Өнгөрсөн лхагва гарагт тус улс нь нийт 15.4 тэрбум ам.долларын тусламжийн багц хөтөлбөрийг санаачлан, 18 нас хүрсэн байнгын оршин суугч бүрт 1280 ам.долларын бэлэн мөнгө өгөхөөр болжээ.

    Тус улсын нийт долоон сая иргэн бэлэн мөнгөний тусламж авах юм.

    Хонгконгийн Санхүүгийн нарийн бичгийн дарга Паул Чан өнгөрөгч оны гуравдугаар улирлаас эхэлсэн  бослогын улмаас 15 жилийн хугацаанд анх удаа төсвийн алдагдалтай гарах болохыг мэдэгджээ.
    Энэ жилийн төсвийн алдагдал нь хотын нийт ДНБ-ий 4,8 хувьтай тэнцэж, хамгийн дээд хэмжээндээ хүрэх болохыг тэрээр анхааруулсан байна.
    Өнгөрсөн жилийн хувьд олныг хамарсан үймээн бослогын дээр Хятад-АНУ хоорондын худалдааны дайн Хонгконгийн эдийн засагт хүчтэй нөлөөлж, нийт эдийн засгийн хувьд 1.2 хувиар агшсан үзүүлттэй байгаа юм.
    Харин одоо дахин эдийн засагт нь хүчтэй цохилт үзүүлсэн коронавирустэй тэмцэж байгаа юм.
    Иргэдэд өгөх тусламжийн бэлэн мөнгөний багцын зарим хэсгийг коронавирусын өвчлөлийн улмаас доройтож буй эдийн засаг,хөдөлмөр эрхлэлтийн төвшин буурч байгааг үндэслэн байгуулагдсан тусгай сангаас гаргах юм байна.
    • Мөн үүнээс гадна Засгийн газраас зарим иргэдийнхээ орлогод ногдуулах албан татварыг бууруулах шийдвэрийг гаргасан байна. Энэ шийдвэр нь нийт хоёр сая гаруй татвар төлөгчид нөлөөлөх аж.
    • Эрх баригчид орлого багатай иргэдийн түрээсийн орон сууцны төлбөрөөс нэг сар чөлөөлөх, түүнчлэн бага орлоготой 200,000 айл өрхөд нэг удаагийн тэтгэмж олгохоор төлөвлөжээ.
    Эх сурвалж:CNN
    gereg.mn

    Холбоотой мэдээ