Өчигдөр Хятадын Хубэй мужид 630 халдвар бүртгэгдэж, 96 өвчтөн нас барав

Өчигдөр төв Хятадын Хубэй мужид коронавирусийн халдварын 630 тохиолдол шинээр илэрч, 96 өвчтөн нас барсан тухай өнөө өглөө мэдээллээ.

Шинэ халдварын тоо өмнөх өдрөөсөө 264-өөр нэмэгдэж, нас барсан хүний тоо 10-аар буурсан үзүүлэлттэй байгаа аж. Хубэй мужийн төв Ухань хотыг гадаад ертөнцөөс тусгаарлаад яг нэг сар болж байна.

Дэлхий даяар Covid-19 вирусийн халдварын тохиолдол 78,583 болж, нас барсан өвчтөний тоо 2,364, халдвар авсны дараа бүрэн эдгэрсэн хүний тоо 20,863 хүрээд байна.

Хятадын араас Япон, Өмнөд Солонгос улсууд халдварын  (751, 433) болон эндэгдлийн (3, 3) тоогоор тэргүүлж байна. Европ тивд Итали улс халдварын 51 тохиолдол, 2 эндэгдэлтэй байгаа нь хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Ойрхи Дорнодын Иран улсад энэ долоо хоногт нийт 28 халдвар илэрч, 6 хүн нас барснаар тахлын бас нэг гол төв боллоо.

Өчигдөр Африкийн Холбооны гишүүн улсуудын эрүүл мэндийн сайд нартай Женев хотоос видео хурал хийхдээ Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага /ДЭМБ/-ын ерөнхий захирал Тедрос Адханом Гебрейесус “Бидний хамгийн их санаа зовоосон асуудал бол Covid-19 вирус эрүүлийг хамгаалах систем сул хөгжсөн орнуудад тархах аюул юм” гэж анхааруулжээ.

ДЭМБ-ын мэдээлснээр Африк тивд өнөөдрийг хүртэл коронавирусийн 200 гаруй сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн ч шинжилгээгээр бүгд сөрөг үр дүнтэй гараад байгаа юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ