Хот хоорондын тээврийн хөдөлгөөн зогслоо

Улсын онцгой комиссоос коронавирусийн халдвар тархахаас сэргийлэх зорилгоор хэрэгжүүлж байгаа өндөржүүлсэн бэлэн байдлын хүрээнд сар шинийн баярын өдрүүдэд буюу өнөөдөр өглөөний 08:00 цагаас 2020 оны 2 дугаар сарын 27-ны 08:00 цаг хүртэл хот хоорондын чиглэлийн тээврийн хөдөлгөөнийг зогсоолоо.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Дотоод Хяналтын Хэлтэс, Тээврийн цагдаагийн алба, Улаанбаатар зам засвар арчлалтын газар хамтран хот хоорондын замын хөдөлгөөнийг хаах тэмдэг хаалт байрлуулах ажлыг өчигдөр зохион байгуулж, бэлтгэлээ хангасан юм.

Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд гаргасан энэхүү шийдвэртэй холбоотойгоор Улаанбаатар хотын найман постыг 14 болгож, хяналт тавих ажлыг зохион байгуулж эхэллээ. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хотод нэвтэрч болох бүх зам дээр пост ажиллаж буй юм.

Энэхүү хязгаарлалт дуусах өдөр буюу 27-ноос эрүүл мэндийн ажилтнуудад тухайн постууд дээр ажиллаж, нэвтрэх бүх тээврийн хэрэгслийг зогсоож, тээврийн хэрэгслийн дугаар, тухайн машинд зорчиж буй бүх иргэний мэдээлэл, аялал эхэлсэн болон дуусах газрын мэдээлэл зэргийг бүртгэлжүүлэн авч, цахим санд оруулна.

Олон улсын хэмжээнд явуулж буй тандалтын түвшинд ажиллаж, халдвар бүртгэгдсэн тохиолдолд нэгдүгээр болон хоёрдугаар хавьтагчдыг хялбар тогтоох боломж бүрдэх талаар нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар өчигдөр Нийслэлийн онцгой комиссын хурал дээр мэдээлсэн.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ