Говь-Алтай аймгийн Засаг дарга В.Рэнцэндоржийг албан өрөөндөө архи хэрэглэсэн учир ажлаас нь чөлөөллөө

Говь-Алтай аймагт гарсан хүн нас барсан хэрэгтэй холбоотойгоор Засаг дарга В.Рэнцэндоржийг үүрэгт ажлаас нь чөлөөлж байна. Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ тайлбар өгчээ.

Тэрбээр “Засаг даргын тамгын газарт архи, согтууруулах ундааг оруулсан нь тогтоогдсон. Энэ тухайгаа Засаг дарга В.Рэнцэндорж өөрөө мэдүүлсэн бөгөөд ёс зүйн хариуцлага хүлээхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн. Иймээс Ерөнхий сайдын захирамжаар Говь-Алтай аймгийн Засаг даргын чөлөөлж байна. Харин хүн амины хэрэгтэй холбоотой асуудалд хамгийн багадаа 14 хоногийн хугацаа орно гэдгийг Цагдаагийн байгууллагаас ЗГХЭГ-т мэдэгдсэн” гэлээ.

Ийн Говь-Алтай аймгийн Засаг дарга В.Рэнцэндоржийг албаны өрөөндөө архи, согтууруулах ундааг нэвтрүүлэн, хэрэглэсэн гэх үндэслэлээр ёс зүйн хариуцлага хүлээлгэн, ажлаас нь чөлөөллөө.

Говь-Алтай аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга, иргэн Б нь аймгийнхаа удирдлагуудтай архи уусныхаа дараа буюу  хоёрдугаар сарын 19-ний 04. 20 цагийн орчимд машиндаа нас барсан хэрэг гарсан юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ