Хотын Засаг дарга дүүргүүдэд ажиллав

Шинэ төрлийн коронавирусын халдварын дэгдэлт Хятад улсад гарсантай холбогдуулан манай улс гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, коронавирусын  эсрэг урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж эхэлсэн билээ.

Энэ хүрээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Нийслэлийн есөн дүүрэгт ажиллаж байна.  Тэрээр нийслэлийн Налайх дүүрэгт өчигдөр ажиллаж, Баянзүрх-Налайхын шинэ замд барьж эхлэх явган болон дугуйн замын ажлын бэлтгэл ажлыг хангах, замын тэмдэг тэмдэглэгээ, арчилгааг сайжруулах талаар албаны хүмүүст үүрэг чиглэл өглөө.

Мөн тэндээс цааш хөдөлж зүүн бүсээс Улаанбаатар хот руу чиглэсэн авто замын хөдөлгөөний хяналтын пост Налайхын Оргил худалдааны төвд очиж ажилласан юм.  Үүний дараагаар Хотын захирагч С.Амарсайхан болон Нийслэлийн газар хэлтэс, агентлагийн дарга нарыг Налайх дүүргийн ИТХ-ын дарга Б.Нэргүй, Засаг дарга Ч.Раднаабазар тэргүүтэй дүүргийн удирдлагууд дүүргийнхээ Тамгын газрын байранд хүлээн авч, шинэ төрлийн цар тахал халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх хүрээнд нийслэлийн Засаг даргын захирамжийг хэрхэн хэрэгжүүлж байгаа талаарх мэдээлэл, тайлангаа хүргэлээ. 

Налайх дүүргийн Онцгой комиссын Дарга Ч.Раднаабазар, дүүрэгт Улс, Нийслэлийн онцгой комисс, Нийслэлийн Засаг даргын захирамжийг үндэслэн шаардлагатай арга хэмжээ авч байгаагаа, тус дүүрэгт амны хаалтын хүрэлцээ хангамж дутагдалтай байгааг, дүүргийн дотоод нөөц боломжоо ашиглаж амны хаалт үйлдвэрлэхээр төлөвлөж байгаагаа хэлэв.

Хотын Захирагч С.Амарсайхан тус дүүргийн удирдлагууд, албан хаагчдад хандан онцгой дэглэмийн үед авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг хариуцлагатай хийж гүйцэтгэхэд анхаарч ажиллахыг санууллаа. Үүний дараагаар тус дүүрэгт байрладаг ОБЕГ-ын харьяа Уул уурхайн авран хамгаалах ангид очилоо.

Учир нь энэхүү аврах ангийн бие бүрэлдэхүүн дотоод нөөц боломжоо ашиглаж  онцгой байдлын ажилтны хувцас оёх оёдлын цех байгуулжээ. Энэ оёдлын цех 50 оёдлын машинтай, мөн тэр хэмжээний иргэнийг ажлын байраар хангах боломжтой болжээ.

Хотын захирагч С.Амарсайхан “Амны хаалтын хэрэглээ иргэдийн дунд огцом өсөн нэмэгдэж, олдоц муутай байгаа цаг үед иргэд өөрсдөө гарын доорх материалыг ашиглан өөрсдөө амны хаалт хийж хэрэглэх шаардлагатай. Ийм нөхцөлд та бүхэн шинээр байгуулсан оёдлын үйлдвэртээ амны хаалт оёж иргэдэд нийлүүлэх нь чухал байна” гэв.

Мөн тус дүүргийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсээр зочилж үйл ажиллагаа,  хүүхэд залууст үзүүлж буй үйлчилгээг сонирхов. Налайх дүүрэгт 12 мянган залуучууд амьдарч 13 мянган хүүхэд суралцаж боловсорч байна. Тэдэнд чиглэсэн бодлого үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа тухай мэдээллийг дүүргийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга Б.Наранбаяр Хотын даргад хүргэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ