Коронавирус:Олны талархлыг хүлээгээд байсан Камбож улсын шийдвэр эргэлзээ төрүүлж эхэллээ

Westerdam хөлөг онгоц дээр зорчиж явсан нэгэн зорчигч онгоцыг орхин, Малайз улс руу явах замдаа өндөр халуурч, улмаар Covid-19 вирусын халдвар авсан гэдэг нь тогтоогдсон байна. Ийнхүү бусад зорчигчид ч мөн адил халдвар авсан байж болзошгүй гэж үзэж байгаа юм.

Олон улс орнуудын хүлээж авахаас татгалзаад байсан хөлөг онгоцыг нутагтаа хүлээн авч, ДЭМБ-аас гүнээ талархлыг хүлээгээд байсан Камбож улсын шийдвэр эргэлзээ төрүүлж эхэллээ.

Японд карантинд ороод байсан Diamond Princess хөлөг онгоцны хувьд Хятадаас гадна коронавирусын хамгийн олон тохиолдол илэрсэн голомт болсон юм. Тус хөлөг онгоцоор зорчиж явсан нийт 600 зорчигч нь коронавирусын халдвар авсан нь батлагдсан.

1,455 зорчигч, 802 хүний бүрэлдэхүүнтэй Westerdam хөлөг онгоц нь Японыг чиглэн явж байсан боловч замаас нь буцаасан юм. Тухайн үед халуурах,ханиалгах шинж тэмдэг зорчигчдын дунд илрээгүй байсан боловч вирусын халдвар ихээр тархсан Хонгконгт зогссон учраас ийнхүү буцаажээ. Азийн нийт дөрвөн улс орон хүлээн авахаас татгалзсан бол өнгөрөгч пүрэв гарагт Камбож улс өөрийн боомт дээрээ хүлээн авсан билээ.

Хөлөг онгоц зогсох үед халуурч,ханиасан шинж тэмдэгтэй нийт 20 хүнд лабораторийн шинжилгээ хийсэн бол үлдсэн хүмүүсийнх нь халууныг нь үзэн буулгасан юм. Онгоцыг орхин явсан хүмүүсийн дунд 83 настай АНУ-ын иргэн байсан бөгөөд цааш Малайз улс руу бусад онгоцыг орхисон 144 зорчигчийн хамт онгоцоор зорчжээ.

Малайз улсын нийслэл Куала Лумпурт газардах үед өндөр халуурсан бөгөөд лабораторийн шинжилгээгээр Covid-19 вирусын халдвар авсан гэдэг  нь тогтоогдсон байна.

Ийнхүү тэнд зорчиж явсан бүх хүмүүсийг тусгаарлан, шинжилгээнд хамруулсан боловч анх Westerdam хөлөг онгоцоор зорчиж явсан бусад зорчигч аль хэдийн өөр улс орнуудыг зорьжээ.

Westerdam хөлөг онгоц аяллын хөлөг онгоцны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Holland America компанийн харъяа бөгөөд өчигдрийн мэдээллээр хөлөн онгоц дээр үлдсэн зорчигчдыг шинжилгээнд хамруулахад бүгд сөрөг гарсан гэжээ. Харин хөлөг онгоцны 747 ажилчдыг шинжилгээнд хамруулж дуусах хүртэл Westerdam хөлөг онгоц нь боомт дээр дахин хэд хонох шаардлагатай гэжээ.

Хөлөг дээр зорчиж явсан хүмүүсээс АНУ-ын 650, Канадын 270, Их Британий 130,  Недерландын 100, Германы 50 болон  Австарлийн иргэд байжээ. Харин ажилчдын хувьд ихэнхи нь Индонез, Филиппин улсын иргэд байсан байна.

Holland America компанийн зүгээс дээрх улс орнуудад хөлөг онгоц дээр зорчиж явсан иргэдийн мэдээллийг өгсөн бөгөөд ингэснээр холбоо тогтоож, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах боломжтой гэнэ.

  • Канад улсын хувьд гэхэд хөлөг онгоцноос эх орондоо ирж байгаа иргэдийг 14 хоног тусгаарласны дараа гэрт нь хариулахаар болжээ.
  • Харин хөлөг онгоцыг орхин явсан зорчигчдын хувьд бүгд Малайз улсаар дамжин ниссэн учраас цаашид нэмж хөлөг онгоцны зорчигчийг дамжин нэвтрүүлэхгүй гэдгээ тус улс мэдэгдээд байна.
  • Тайланд улсын хувьд мөн адил Westerdam хөлөг онгоцны зорчигчдыг хүлээн авахаас татгалзсан боловч аль хэдийн Бангкокд ирсэн хүмүүсийг дахин эрүүл мэндийн үзлэгт оруулж байна.
  • Сингапур улсын хувьд Westerdam хөлөг онгоцны зорчигчдыг хүлээж авахаас татгалзахаас өмнө ирсэн хоёр иргэнийг гэрт нь тусгаарлаж байна.

Эх сурвалж:BBC

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ