• Батлагдсан стандартын бус ахуйн хэрэглээний зуухыг зах, худалдааны төвүүдээс татна

    2020-02-20

    Тулган дээр хоол цайгаа болгодог байсан  Монголчууд орос  пийшин, зууханд дадах гэж нэлээн л юм болж байсан  тухай өгүүлэх  нь бий. Тулганаас зуух, пийшин рүү шилжсэн тэр үеэс  л стандарт гээч юм алдагдаж гарын ур дүйтэй нь зуух хийж, пийшин өрөх болсон.

    Манай улс ахуйн хэрэглээний зуухны MNS5216/2016 гэх стандартыг 2016 оны арваннэгдүгээр сард Стандартчилал хэмжил зүйн үндэсний Зөвлөлийн 50 дугаар тогтоолоор баталжээ.

    Гэвч энэ стандартыг амьдралт ягштал мөрдсөн нь үгүй. Өнөө ч нийслэл, орон нутгийн зах худалдааны төвүүдэд гар хийцийн эсвэл аль нэг улсаас орж ирсэн зуухыг олон төрлөөр худалдаж байна.

    Стандарт гэдэг бол хэм хэмжээ, шаардлага тогтоосон баримт бичиг.Өөрөөр хэлбэл, стандартгүй эсвэл  байсан ч түүнийг дагаж мөрдөхгүй бол үйлдвэрлэл, худалдаанд эмх замбараагүй олон, өөр өөр шаардлагууд бий болно.

    Цаашлаад аюулгүй байдалд хэн хариуцлага хүлээх, түүнийг хэрхэн шийдвэрлэх  вэ гээд төвөгтэй олон асуудал үүснэ. Энэ мэт  олон эмх замбараагүй шаардлага хангаагүй бүтээгдэхүүнийг  цэгцэлж, стандарттай болгосноор  ямар нэгэн эрсдэл гарлаа гэхэд эргээд буух эзэнтэй буцах хаягтай байх юм.

    Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны дарга Ч.Гантулга:

    “Ахуйн хэрэглээний зуухны стандартыг баталсан байдаг ч мөрдөгдөхгүй байна. Уг нь ард иргэд стандартын шаардлага хангасан л зуух хэрэглэх ёстой. Зах, худалдааны төвүүдэд олон янзын зуух худалдаж байна. Стантарт мөрдөөгүй хийсэн учраас сайжруулсан шахмал түлшинд тохирохгүй. Хавхлага, сойлт ч үгүй зуух байна.  Тиймээс Нийслэл, НМХ,Цагдаагийн байгууллагатай хамтран стандарт бус зуухыг худалдаанаас гаргах арга хэмжээ авна.

    Монгол Улсын стандартад нийцсэн зууханд сайжруулсан шахмал түлшийг хэрэглэвэл ямар ч эрсдэл байхгүй ” гэсэн.

    2019 оны тавдугаар сараас түүхий нүүрсийг хориглох тухай 62 дугаар тогтоол гарч, сайжруулсан шахмал түлшээр орлуулсан нь алдаа мадагтай байсан ч үр дүнд хүрч  нийслэл хотын агаарын бохирдол 50 хувиар буурав.   Энэ бол төр, хувийн хэвшил, ард иргэдийн хамтын хүчин чармайлтын үр дүн юм.

    Анхны юм алдаа оноотой байж,  сайжруулсан шахмал  түлш хэрэглээндээ нэвтрүүлсэн эхний саруудад харамсалтайгаар  15,16 хүн угаартаж амиа алдсан. Шалтгаан нь дээр хэлсэн стандартын шаардлага хангаагүй зуух, пийшин, яндан байв.

    Ахуйн хэрэглээний зуухад тавигдах стандартаас дурьдвал…

    • зуухны дотор хэсгийн цэвэрлэгээ,
    • дээд ширэм ,
    • яндангийн холбох хэрэгслийн хаалт,
    • янданданд тавигдах шаардлага гээд бүх зүйлийг нарийн тодорхой тусгаж өгсөн.

    Өөрөөр хэлбэл, иргэн таны зуухны яндан стандарт заасан шиг диаметр нь 100 мм, гэрийн тооно буюу  байшингийн дээврээс дээш 700 мм-ээс дээш илүү гарахаар өндөр байна уу үгүй юу гэдгийг шалгахыг сануулья.

    Хэрэв тийм биш бол сайжруулсан шахмал түлш хэрэглэхэд эрсдэлтэй гэсэн үг юм.

    Цаашлаад, ханан пийшинд тавигдах шаардлага л гэхэд хийцийн хувьд энгийн, байрлуулах өрж доторлоход бэрхшээл багатай, бат бөх удаан эдэлгээтэй байх ёстой. Зуух холбох хэсэг нь яндангийн таталтанд нөлөөлөхөөргүй утаа чөлөөтэй урсаж байх нөхцөлийг хангасан, эргэлт булан тохой бага хэрэгтэй гээд бүх зүйлийг нарийн тодорхой зааж өгчээ.

    Үгүй ядаж л та, зах худалдааны төвүүдэд худалдаалж буй олон төрлийн зууханд шошго тэмдэглэгээ байгаа эсэхийг анзаараарай.

    Монгол Улсын зуухны стандартад зааснаар…

    • Үйлдвэрлэгчийн нэр, оршин  байгаа газрын хаяг
    • Үйлдвэрлэсэн огноо
    • Зуухны марк
    • Ашиглах заавар /ямар түлш хэрэглэх тухай болон аюулгүйн нөхцөл/
    • Стандартын тэмдэглэгээ, баталгаат хугацааны мэдээллийг заавал байршуулсан байх ёстой юм байна.
    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ