SARS-аас амьд гарсан Мариа Чан:17 жилийн өмнө миний гаргасан алдааг битгий давтаарай

Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний туялзуур сэлэмний төрөлд хоёр ч удаа хүрэл медалийн эзэн болсон,Хонгконгийн иргэн Мариа Чан нь одоогоос 17 жилийн өмнө таван хоногийн турш эрчимт эмчилгээнд байсны эцэст SARS-аас амьд үлдэж чадсан нэгэн юм.

Тэрээр нийт Хонгконгчуудыг тухайн үед өөрийгөө халдвар авахад хүргэсэн алдааг нь давтахгүй байхыг анхааруулж байна.

Өдгөө 46 настай Мариа Чаны хувьд 2003 онд дэлхий нийтийн анхаарлын төвд байсан,нийт 329 хүн халдвар авч, 42 хүн нас барсан Хонгконгийн Kowloon хот дахь Amoy Gardens хорооллын оршин суугч байжээ.

Тэрээр өөрийн алдаагаа эрүүл мэндийн аюултай нөхцөл байдлын үед биеэ буруу авч явсан гэсэн байна.

“Би тэр үед тоогүүгүй, маск зүүгээгүй, тэр байтугай олон хүн цугласан дэлгүүрүүд рүү явж байсан. Тухайн үед зөвхөн өвчтэй хүмүүс л амны хаалт зүүх юм байна гэж бодсон. Амны хаалт, гар ариутгагч гээд ямар ч хувийн бэлтгэлгүй байсан” хэмээн ярьжээ.

Халдвар авсныхаа дараа дэлгүүрт өөр лүү нь найтаасан эмэгтэйгээс вирус авсан байх гэсэн боловч харамсалтай нь эрүүл мэндийн байгууллагынхан түүнийг нь тогтоож чадаагүй юм.

“Тэр үед хүмүүс нийгэмд халдвар гараагүй гэцгээж байсан. Тиймээс би Хонгконгчуудад коронавирусын дэгдэлт гарсан энэ үед гэртээ байж, аль болох олон нийтийн газраар явахгүй, амны хаалт зүүж, тогтмол гараа угаахыг анхааруулж байна. Миний хийсэн алдааг битгий давтаарай” гэжээ.

SARS-ын улмаас дэлхий дахинд 813 хүн нас  барж 8,437 хүн халдварласан.Нас барагсдын 299 нь Хонгконгод бүртгэгджээ. SARS-ын дэгдэлтийн үед Amoy Gardens нь олны анхаарлын төвд байсан бөгөөд дэлхийн хэмжээнд хамгийн олон халдварын тохиолдол болон нас баралт бүртгэгдсэн байна.

Эх сурвалж:South China Morning Post

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ