МСҮТ-ийн оюутнуудад хөл,хорио тогтоосон үеийн тэтгэлгийг олгохгүй

2020-02-19

Засгийн газрын энэ сарын 4-ний өдрийн хуралдаанаар МСҮТ-ийн суралцагсдын тэтгэлгийг 200 мянган төгрөг болгож нэмэх шийдвэрийг гаргасан. Өмнө нь 70 мянган төгрөг байсныг өнгөрсөн оны нэгдүгээр сараас 100 мянган төгрөг болгож байсан бол ийн дахин хоёр дахин нэмээд байна.

Засгийн газрын шийдвэр гарсантай холбоотойгоор МСҮТ-ийн суралцагсдад тэтгэлэг олгох журсыг шинэчилж боловсруулжээ.  Ингэснээр улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй хувийн болон улсын 80 МСҮТ-ийн 37 мянга гаруй 45 хүртэлх насны суралцагчид сар бүр 200 мянган  төгрөгийн тэтгэлэг авах юм. Үүнд  шаардагдах 79,9 тэрбум төгрөгийг 2020 оны улсын төсөвт суулгасан.

Гэхдээ өнөөдрийн  байдлаар МСҮТ-д суралцагсад хараахан тэтгэлгээ авч эхлээгүй байна.

ХНХЯ-ны Мэргэжлийн боловсрол, сургалтын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга А.Халиунаа:

Нэгдүгээр сард улирлын амралт таардаг учраас суралцагсдад тэтгэлэг олгохгүй гэдгийг журмаар зохицуулсан байдаг. Хоёрдугаар сард коронавирусээс болоод хөл хорио тогтоон хичээл орохгүй хойшлогдсон учраас мөн энэ сарын тэтгэлэг олгохгүй.   Ирэх  сард  хичээл орвол суралцагсад 200 мянган төгрөгийн тэтгэлгээ авч эхэлнэ.  Ингэхдээ  хичээлд суусан ирцээр нь тэтгэлэг олгоно. Өөрөөр хэлбэл,ирц 100 хувь гэж үзвэл түүний 75 хувьд нь суусан хүүхдэд  тэтгэлэг олгоно” гэх тайлбарыг өчигдөр түүнтэй уулзхад өгсөн юм.

Тэгвэл Засгийн газрын өнөөдрийн  хуралдаанаар сургууль, цэцэрлэгийн хөл хориог дахин нэг сараар сунгах шийдвэрийг гаргалаа. Ингэснээр МСҮТ-д суралцагчид  дөрөвдүгээр сараас 200 мянган төгрөгийн тэтгэлгээ авч эхлэх нь байна.

Засгийн газраас гаргасан дээрх шийдвэр  Монгол Улс хүний нөөцийн дутагдлаас гарах, хөдөлмөрийн зах зээлд эрэлттэй,  ажил олгогчийн шаардлагад нийцсэн мэргэжилтэй ажилтан бэлтгэх, залуучуудын мэргэжлийн сургалтын төвд  суралцах сонирхлыг нэмэгдүүлэх  гээд олон тулгамдсан асуудлын шийднэ гэж үзэж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ