
www.gereg.mn вэб сайт АСУУДАЛ&ШИЙДЭЛ шинэ булан нээлээ. Бид энэ булангаараа асуудлыг шийдэж буй арга зам,гарц,алдаа, оноог уншигч олондоо хүргэх юм.
Хөдөлмөрийн насны залуучууд гадагшаа явах сонирхолтой болсон энэ үед зах зээлд эрэлттэй ажилтан бэлтгэхэд хөшүүрэг болохуйц чухал шийдвэрийг Засгийн газраас гаргасан нь МСҮТ-д суралцагсдын тэтгэлгийг 200 мянган төгрөгт хүргэсэн нь юм.
Энэ шийдвэрийн цаана Монгол Улс хүний нөөцийн дутагдлаас гарах, хөдөлмөрийн зах зээлд эрэлттэй, ажил олгогчийн шаардлагад нийцсэн мэргэжилтэй ажилтан бэлтгэх, залуучуудын мэргэжлийн сургалтын төвд суралцах сонирхлыг нэмэгдүүлэх гээд олон тулгамдсан асуудлаа шийдэх зорилт бий.
Эл шийдвэр хэрэгжсэнээр, улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй хувийн болон улсын 80 МСҮТ-ийн 37 мянга гаруй 45 хүртэлх насны суралцагчид сар бүр 200 мянган төгрөгийн тэтгэлэг авах юм. Үүнд шаардагдах 79,9 тэрбум төгрөгийг 2020 оны улсын төсөвт суулгажээ.
Өнөөдрийн байдлаар холбогдох журмуудад өөрчлөлт орж дээрх шийдвэр хэрэгжиж эхэлсэн ч суралцагсад хараахан тэтгэлгээ авч эхлээгүй байна.
ХНХЯ-ны Мэргэжлийн боловсрол, сургалтын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга А.Халиунаа:
Нэгдүгээр сард улирлын амралт таардаг учраас суралцагсдад тэтгэлэг олгохгүй гэдгийг журмаар зохицуулсан байдаг. Хоёрдугаар сард коронавирусээс болоод хөл хорио тогтоон хичээл орохгүй хойшлогдсон учраас хоёрдугаар сарын тэтгэлэг олгогдохгүй.Ирэх сард хичээл орвол суралцагсад 200 мянган төгрөгийн тэтгэлгээ авч эхэлнэ. Ингэхдээ хичээлд суусан ирцээр нь тэтгэлэг олгоно. Өөрөөр хэлбэл,ирц 100 хувь гэж үзвэл түүний 75 хувьд нь суусан хүүхдэд тэтгэлэг олгоно гэх мэдээллийг өчигдөр тэрээр өгсөн.
Тэгвэл өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар сургууль, цэцэрлэгийн хичээллэх хугацааг дахин нэг сараар сунгах шийдвэрийг гаргалаа. Ингэснээр МСҮТ-д суралцагсад ирэх дөрөвдүгээр сараас тэтгэлгээ авч эхлэх нь байна.
Олон улсын жишигт нийт төгсөгчдийнх нь 70 хувь нь мэргэжилтэй боловсон хүчин, үлдсэн 30 хувь нь дээд боловсрол эзэмшдэг бол манай улсад эсрэгээрээ 70, түүнээс дээш хувь нь дээд боловсрол эзэмшиж байна.
Өөрөөр хэлбэл, диплом өвөртөлсөн ажилгүй залуусын илүүдэлд орчихсон.Бүтээн байгуулалтад гар бие оролцож, ажил хийх ёстой хүмүүсийн дутагдалд орсон гэдгийг А.Халиунаа дарга онцолсон.
Тиймээс үүнийг зохицуулахын тулд салбарын нэр хүндийг өсгөх талаар нэлээн анхаарч ажиллаж буйгаа хэлсэн юм.
МСҮТ-үүд 1990 оноос үйл ажиллагаа явуулж, мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэж эхэлсэн. Өнөөг хүртэлх суралцагдсын судалгаанаас харахад 2011 онд хамгийн их буюу 48100 хүн МСҮТ-д суралцжээ. Үүнээс хойш тодорхой хэмжээгээр буурсаар 2017 онд 35800 болсон байна.
Харин 2018-2019 онд дээрх тоо 2000-аар нэмэгдэж нэмэгдэж 37 мянга гаруй болсон байна. Click To TweetДараах графикаас харна уу.
Мэргэжилдээ эзэн болж, улс эх орныхоо бүтээн байгуулалтад гар бие оролцож, цаашлаад ур чадвараа үнэлүүлэн ажилтай, орлоготой сайхан амьдарч буй олон залуус бий. Тэдний нэг 2018 оны гагнуурын дэлхийн аварга Д.Нямрагчаа.
- Тэр БНХАУ-ын Хунан хотод болсон “ARC CUP-2018” олон улсын гагнуурчдын тэмцээнд амжилттай оролцож, “Хагас автомат гагнуур” төрөлд нэгдүгээр байр, “Цахилгаан нуман гагнуур” төрөлд гуравдугаар байр эзэлсэн. Гагнууртай холбоотой бүхий л мэдлэг, ур чадварыг Герман Монголын хамтарсан мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвөөс сурсан.
- 2018 оны “Шилдэг залуу ажилчин”-аар Монгол-Солонгосын хамтарсан политехникийн коллежийн гагнуурын ангийн оюутан 18 настай Э.Уужимсэтгэл охин хүртэж байв.
Энэ залуучууд МСҮТ-д муу сурлагатан сурдаг гэсэн ойлголт, хандлагыг өөрчилж чадсан. Цаашлаад залуу үеийг ажил хөдөлмөр, бүтээлч үйлдвэрлэлд уриалж хөдөлмөр эрхлэлтийн салбарт үлгэр жишээ болсон мэргэшсэн боловсон хүчнүүд болсон.
Бакалавр, магистрын диплом өвөртөлсөн ажилгүй иргэд ч МСҮТ-д сурах боломжтой…
Манай улсад өнөөдрийн байдлаар 126 мянган ажилгүй иргэд байгаа бол үүний 21 мянга нь бүртгэлтэй, ажил идэвхтэй хайгч иргэн байна. Эдгээрийн дунд бакалавр, магистрын диплом өвөртөлсөн ажилгүй залуус ч байгаа. Тэд өөрийн хүссэн чиглэлээр МСҮТ-ийн насанд хүрэгчдийн нэг жилийн ангид суралцаж , нарийн мэргэжил эзэмшиж, бүтээгч, үйлдвэрлэгч иргэн болох боломжтой.
- Есдүгээр ангиа төгсөөд МСҮТ-д суралцаж байгаа хүүхдүүд мэргэжил болон ахлах ангийн боловсролыг 2.5 жилээр хамт эзэмшинэ. Өөрөөр хэлбэл, 10,11,12 дугаар ангийн хичээлийг үзэнгээ хажуугаар нь гагнуурчин, үсчин гээд өөрийн сонирхсон аль нэг мэргэжлээ эзэмшинэ. Энэ ангид зөвхөн есдүгээр ангиа төгссөн суурь боловсролын гэрчилгээтэй хүүхэд суралцах боломжтой.
- Техникийн боловсрол олгодог гурван жилийн анги. Энэ нь бакалаврын өмнөх техникийн диплом олгодог анги юм. 12 дугаар анги төгссөн хүүхэд техникчийн ангид элсэн суралцаж болно.
- ЕБС-д суралцаж байгаад дундаас нь хаясан бүрэн дунд, суурь боловсролын гэрчилгээгүй хүүхдүүдийн цаашид сурах боломж нь байдаггүй. Тэгвэл МСҮТ нь насанд хүрсэн зохих хэмжээний сурах чадвартай буюу уншиж, бичих чадвартай хүмүүсийг элсэлтээр авч нэг жилийн хугацаанд мэргэжил эзэмших боломжийг өгдөг. Өөрөөр хэлбэл, 12 дугаар ангийн бүрэн дунд боловсролын гэрчилгээ байхгүй хүмүүс мэргэжилтэй ажилтан болж улс эх орныхоо бүтээн байгуулалтад оролцох боломж бүрэн дүүрэн байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй