Коронавирус сарьсан багваахайнаас гарсан гэсээр атал Индонезид одоо ч хүнсэндээ хэрэглэж байна

Дэлхий даяар халдварлаж буй коронавирусын дэгдэл нь содон, ховор амьтдыг зарж борлуулдаг  зах зээлд сөргөөр нөлөөлсөн гэж бодож байвал харин ч үгүй.  Индонез улсын Хойд Сулавесид байрладаг Томохоны зах  дээр сарьсан багваахай, нохой, сармагчин зэрэг олон содон амьтдын арилжаа, худалдаа өдөр бүр явагдаж байна.
Хэдий хэвлэлээр коронавирустэй холбоотойгоор захууд дээр сарьсан багваахай зарахаа больсон гэж мэдээлсэн ч хэд хэдэн төрийн бус байгууллагуудын мэдээлснээр Сулавеси орчимд одоо ч хэд хэдэн зах худалдаалсаар байгаа юм.

“Томохон” захын байнгын үйлчлүүлэгч нар нь Хятадаас ирэх жуулчид

Эрдэмтэд шинэ коронавирусын анхны голомтыг одоо ч эцэслэн тогтоогоогүй байгаа боловч хамгийн түгээмэл таамаглал нь Хубэй мужийн Ухань хотын Хуанан зах юм. Тэндээс л вирус сарьсан багваахай эсвэл могойноос хүнд халдварласан.
Эхний тохиолдол бүртгэгдсэн арванхоёрдугаар сараас хойш нийт 500 орчим хүн нас барж, 25 улсын 25 мянган хүн халдварлажээ.
Мэргэжилтнүүдийн зүгээс коронавирусын нөхцөл байдалтай холбоотойгоор аймшигт үр дүн дагуулж болохыг сануулсаар байгаа хэдий ч Томохоны зах дээр сарьсан багваахай,могой нь хоолны цэсний  нэг сонголт хэвээр байсаар байна.
Gadjah Mada их сургуулийн Мал эмнэлгийн эмгэг судлалын профессор Р.Вассито “Ганцхан Томохон гэлтгүй зэрлэг амьтдыг худалдаалж байгаа захууд нь коронавирусын үржлийн газар болох магадлал өндөр байна” гэжээ.
Түүний хэлснээр тус вирус нь сарьсан багваахай, гахай, зэрлэг шувууд,хөхтөн амьтад болон зарим загасанд агуулагддаг гэнэ. Харин Индонезэд одоог хүртэл коронавирус нь сарьсан багваахайнаас хүнд халдварласан тохиолдол гараагүй байна.

Жуулчид захын гудамжаар муур, нохой, сарьсан багтаахай,могой, сармагчин гэх мэт зэрлэг амьтдыг сонирхон явах нь олонтаа. Тэр дунд Хятадын жуулчид ихэнхи хэсгийг нь бүрдүүлдэг боловч өнгөрсөн гурав дахь өдрөөс эхлэн Хятадаас ирэх хөл хөдөлгөөн, нислэгийг зогсоосон нь жуулчдыг тоог бууруулах гол шалтгаан болжээ.

Зөвхөн Хятадууд л сарьсан багваахайг иддэггүй, нутгийн уугуул Минахасачуудын баярын хоол нь сарьсан багваахай

Томохон зах нь ганцхан жуулчдын зорьдог газар биш аж. Жуулчдыг ирэхээс өмнө, Хойд Сулавесигийн уугуул иргэд Минахасачуудыг татах зорилготойгоор зах үйл ажиллагаагаа эхэлжээ.
Учир нь ихэнхи нь Христийн шашинтай Минахасачууд нь Улаан өндөг болон Зул сарын баяраараа сарьсан багваахайтай хоолыг зооглодог.
Хэдэн зууны өмнө Сулавесигийн өндөрлөг хэсэгт амьдардаг байхаасаа хойш энэ төрлийн махыг идэж хэрэглэж ирсэн бөгөөд одоо ч уламжлал нь хэвээр байгаа юм. Энэ нь  алдартай хоолонд тооцогддог бөгөөд бараг зоогийн газар бүрийн цэсэнд сарьсан багваахайтай хоол бий.

Хойд Сулавэсигийн нэгэн сэтгүүлч Индонезийн CNN-д “Зарим нутгийн иргэд өдөр болгон сарьсан багваахай иддэг бол зарим нь долоо хоногтоо дор хаяж нэг иддэг” гэжээ.

Түүнээс ч гадна коронавирусын эх сурвалж нь тэдний олон арван жилийн турш идэж ирсэн сарьсан багваахай гэдгийг нутгийнхандаа хэлэхэд ихэд шоконд оржээ.

Иргэдийн зарим нь Томохон захыг хаах хэрэгтэй гэж байгаа бол бусад нь хэрвээ хаавал нууцаар худалдаална гэж үзэж байна. Өөрөөр хэлбэлг, сарьсан багваахай зардаг захыг хаасан ч айлын хаалган дээрээс зарж борлуулж, энэ нь хяналт тавихад илүү хүндрэлтэй болно гэжээ.

Судлаачдын зарим нь Уханийн нойтон захуудыг коронавирусын голомт гэж байгаа бол зарим нь холбоогүй гэж байна. Учир нь The Lancet шинжлэх ухааны сэтгүүл дээр хэвлэгдсэн Хятадын судлаачдын нэгэн судалгаанд коронавирусын халдвар авсан 41 өвчтөнөөс 13 нь Уханийн нойтон захтай ямар ч холбоогүй нь батлагджээ.

Эх сурвалж: South China Morning post  /www.scmp.com/ 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ