
Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавирусийн халдварын нөхцөл байдал, урьдчилан сэргийлэхээр хэрэгжүүлж буй ажлуудын талаар мэдээлэл хийлээ.
Хил хамгаалах ерөнхий газрын дарга Ц.Мягмардорж “Засгийн газрын өчигдрийн ээлжит бус хуралдаанаар 63 дугаар тогтоолыг баталж, БНХАУ-тай хиллэж байгаа автозам, агаарын зам, төмөр замын боомтын зорчигч тээврийг 2020 оны гуравдугаар сарын 2-ны өдрийг хүртэл зогсоосон”.
ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг “Хил хаасантай холбоотойгоор БНХАУ-д байгаа Монгол Улсын иргэдийг авчрах асуудлыг ГХЯ зохион байгуулахаар болсон. Тиймээс ЭСЯ, Консулын газруудаар дамжуулан иргэдээ дахин бүртгэлжүүлж байна. Урьдчилсан байдлаар 400 орчим иргэн маань БНХАУ-д байгаа. Гэхдээ иргэдийг авчрах ажлыг өөрсдийнх нь хүсэлт дээр үндэслэж зохион байгуулна. Мөн Эрээн орчимд эх орондоо ирэхээр 50 орчим иргэн галт тэрэгний тасалбар захиалсан байна.
Засгийн газраас гарсан шийдвэрийн дагуу хил хааснаас хойш БНХАУ-аас орж ирэх иргэдийг 14 хоног тусгаарлана. Үүнтэй холбоотойгоор дотоодын бүхий л байгууллагуудтай хамтарч ажиллана.” гэв.
Мөн тэрбээр “Монгол Улсын иргэн нэг эмэгтэй БНХАУ-д шинэ коронавирусийн эмчилгээ хийлгэж байгаад БНСУ-д очоод алга болсон гэх мэдээлэл байгааг тодруулахад “Бид уг мэдээллийг нягталсан. БНСУ дахь Элчин сайдын яам болон тухайн улсын холбогдох албаныхантай холбогдож тодруулахад тийм тохиолдол гараагүйг хэлсэн” гэлээ.
ХХААХҮЯ-ны Хүнсний үйлдвэрийн хөгжлийн бодлогын зохицуулалтын газрын дарга Т.Гантогтох “Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газраас гарсан тогтоол, шийдвэрийн дагуу ХХААХҮЯ өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Хил хааснаар бараа бүтээгдэхүүний импортыг хориглоогүй.
Харин урд хөршид гарсан шувууны ханиадны улмаас шувууны мах, махан бүтээгдэхүүнд л түр хязгаарлалт хийгээд байна. Хүнсний захууд, худалдааны төвүүдийг хаахгүй. Гол нэрийн бараа бүтээгдэхүүний нөөц хангалттай байгаа тул хомсдол үүсэхгүй. Тиймээс иргэд хүнсээ бөөнөөр нь худалдан авч нөөцлөх шаардлагагүй.
Иргэд та бүхэн өдөр тутамдаа шинэ, шимтэй хүнс, тэр дундаа адууны мах, аарц хэрэглэж дархлаагаа дэмжихийг зөвлөж байна”.
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Хоёрдугаар сарын 12-нд тусгаарлагдсан хүмүүсийн шинжилгээний хариунууд сөрөг гарлаа. 13-нд Бээжин-Улаанбаатарын онгоцоор ирсэн, Хунань мужид сурдаг зургаан оюутан ирснийг тусгаарлаад байгаа. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д нийт 8 хүн, Архангай аймагт нэг хүн тусгаарласан. Шинжилгээний хариуг хүлээж байна.
Ухань хотоос ирсэн 31 оюутныг дахин шинжилгээнд хамруулсан бөгөөд шинэ төрлийн коронавирусийн халдвар илрээгүй. Оюутнуудын лабортарийн хоёр удаагийн шинжилгээ сөрөг гарлаа. Маргааш энэ оюутнуудыг эмнэлгээс гаргана” гэв.
Шууд үзэх:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэлтэй
эд нар хилээ хаасан юм уу үгүй юм уу орж ирсэн иргэдийг 14 хоног тусгаарлан ч гэх шиг