Б.Ганхуяг:Нүүрс тээврийг ирэх сарын 2-ноос үргэлжлүүлэн зогсоовол эдийн засагт шууд сөрөг нөлөөтэй

“Эрдэнэс тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг нүүрсний тээвэр зогссонтой холбоотойгоор сэтгүүлчдэд мэдээлэл өгөв.

Б.Ганхуяг “Ямар ч оны 12 болон нэгдүгээр сард нүүрсний экспорт багасдаг. Өмнөх оны төлөвлөгөөний гүйцэтгэлийг хараад БНХАУ-ын тал дараа жилийнхээ авах нүүрсний экспортын хэмжээгээ тогтоодог. Үүнд нэг сар зарцуулдаг. Тиймээс нэгдүгээр сарын экспорт харьцангуй бага байдаг. Хоёрдугаар сарын дундаас хойш нэмэгддэг. Одоо бол яг нэмэгддэг үе нь л дээ.

Энэ удаа коронавирустай холбоотойгоор хилийн хориг тавих нь монгол хүний эрүүл мэндээс авахуулаад үндэсний эрх ашгийн асуудал байгаа учраас бид үүнийг хүлээн зөвшөөрөхөөс өөр арга байхгүй. Одоо ингээд богино тээвэр зогсчихоор экспорт зогсчихно. Үнэ харьцангуй тогтвортой явж байсан.

2019 оны тавдугаар сараас есдүгээр сар хүртэл нүүрсний үнэ унасан. 12-р сар хүртэл гайгүй явж байгаад коронавирустэй хобоотой дахиад унаад байна. Гэхдээ бид экспортын бодлоготойгоо уялдуулаад үнийн бодлогоо зөв бариад явж байгаа учраас одоохондоо “Эрдэнэс тавантолгой” ХХК болон түүний хамарал бүхий компанид орлогын алдагдалтай байдал харьцангуй бага байна. Удаан үргэлжилбэл мэдээж эдийн засагт сөрөг нөлөө үзүүлнэ.

2020 оны хоёрдугаар сарын 12 буюу өнөөдрийн байдлаар манай компани  1,1 сая тонн нүүрс экспортын журмаар борлуулсан. Энэ хүрээнд ЭТТ 2020 онд ТУЗ-өөс баталсан төлөвлөгөөгөөр 540 тэрбум төгрөг төсөвт төвлөрүүлэхээр байгаа. Экспортын төлөвлөгөө 1,3 байсан. Тэгэхээр 80 гаруй хувийн гүйцэтгэлтэй байна. Гуравдугаар сарын 02-ноос хойш энэ нөхцөл байдал хэвээр үргэлжилвэл компанийн ашиг орлого, эдийн засагт шууд сөргөөр нөлөөлнө. Олон улсын хөрөнгийн зах зээлд IPO гаргах гэж байгаа үед сөрөг нөлөөтэй. Гэхдээ бид эрсдлийн төлөвлөгөө гаргаад явж байна.

Нөөц төлөвлөгөө бол цагаан хадны нүүрсний овоолгын нөөц байгаа. Худалдан авагч талуудтайгаа зөв зохицож чадах юм бол борлуулалтаа үргэлжлүүлэх бүрэн боломжтой. Манай худалдан авагчдын 80-90 хувь нь Монгол талдаа үйл ажиллагаа явуулдаг. Хятадын тал Цагаан хадны боомт хаагдсанаас болж цаашаа тээврүүд бүгд зогссон. Хятадын талдаа ч эдийн засагт нөлөөлж байна.

Худалдагч манай талд ч гэсэн автоматаар нөлөөлөх нь тодорхой. Бид баталгаатай буюу найдвартай худалдан авагч олонтой. 2022 он хүртэл нүүрсний зах зээл харьцангуй тогтвортой байна. Гэхдээ үнийн уналт бүх шатандаа үргэлжилнэ“ хэмээсэн юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ