• Хоёр компани дамжин 15 жил болохдоо ашиглагдаагүй энэ газарт цэцэрлэгт хүрээлэн байгуулья

    2020-02-11

    Монголын чөлөөт ахмадын холбоо гэж Г.Баасангийн байгуулсан холбоо ид бужигнуулж байх үед  зэрэгцээд олны ярианы сэдэв болж байсан нэг зүйл бол Хотын төвийн А зэрэглэлд буюу Гадаад харилцааны яамны баруун талд байрлах  газар. Одоо тэр газар том төмөр хашаагаар хүрээлэгдсэн,хашаа нь зарын самбар болсон. Цагтаа тэнд байх хоёр давхар намхан байшинд Г.Баасангийн холбоо үйл ажиллагаа явуулж байсан учраас уг газар нь ч олны хараанд өртөж байв.

    Тэгвэл тэр газрыг нийслэл эзэмшилдээ аваад,цэцэрлэгт хүрээлэн маягаар тохижуулж, хүүхэд,залуус чөлөөт цагаа өнгөрүүлэх газар болгох санал Нийслэлийн засаг захиргааны байр хавиар яригдаж эхэлжээ. Газар эзэмших эрхтэй компани нь олон жил болж байхад зориулалтын дагуу ашиглаагүй, уг газар нь машин замд хэт тулсан зэрэг шалтгаанаар газар эзэмших гэрээг цуцлах үндэслэл ч бий болжээ.

    Нийслэлчүүдэд зориулсан  цэцэрлэгт хүрээлэн байгуулах санал нь ч хүчтэй дэмжлэг авч байгаа аж.

    Монголын ахмадын чөлөөт холбооны байр байсан газар гэдгээрээ алдаршсан уг газар хэзээ ямар компаниудын эзэмшилд шилжив?  Гэдэг он дараалал сонирхвол бас л сонирхолтой.

    Нийслэлийн Засаг даргын захирамжаар 2003 онд 540 м2 уг газрыг Нийслэлийн Ахмадын хороонд конторын зориулалтаар эзэмшүүлжээ.Дараа нь 2005 онд “Зам инвест” ХХК-д 5 жилийн хугацаагаар газар ашиглуулах эрхийн гэрчилгээ олгосон байна. Улмаар  2008 онд сунгахдаа зориулалтыг нь өөрчилж ,бизнес,үйлчилгээний төв”-ийн зориулалтаар ашиглуулахаар зөвшөөрөл  өгчээ.   Жилийн дараа буюу 2009 онд ашиглуулах эрхийг “эзэмшүүлэх” болгож өөрчилсөн байх аж.

    2010 онд замын траст орсон тул байршлыг ялимгүй шилжүүлж,тэгэхдээ 540 м2 газрыг 707 м2 болгон томруулж,мөн дээрх компанид эзэмшүүлэх зөвшөөрөл олгожээ.  2011 онд талбайн хэмжээг дахин нэмэгдүүлж, 1119 м2 болгосон байх аж.

    2012 он болоход буюу долоон жилийн хугацаанд уг газрыг ашиглах эрхтэй болсон “Зам инвест”  ХХК нь уг газартаа ямар нэг юм барьж байгуулаагүй.Өөрөөр хэлбэл, хэмжээг нь томсгоод л “хадгалаад” байж. Улмаар газар 2012 онд  “Зам инвест” ХХК-аас “Шинэ центр” ХХК-д шилжсэн байна. Уг зөвшөөрлөөр “Шинэ центр” ХХК нь 15 жилийн хугацаатай эзэмшихээр болжээ. Мөн талбайн хэмжээ 1136 м2 болж нэмэгдсэн байна. 2017 онд уг зөвшөөрөл  сунгагджээ.

    Ийнхүү Гадаад харилцааны яамны баруун талд байх уг  газрын эзэмших эрх хувийн компаниудын гар дамжин даруй 15 жил өнгөрсөн ч үр өгөөжтэй ашиглагдсангүй. Тэр ч байтугай зам руу шахаж явган хүний зам,орц,гарц хаах зэргээр хувьд ашиглах хэмжээгээ нэмсээр иржээ.

    Тиймээс олон жил ашиглалтгүй байгаа  төв замынхаа хажууд байх  газрыг үр өгөөжтэй ашиглах,хэмжээг нь дотогш хумьж, явган хүний гарц гаргах зайлшгүй шаардлагатай.Нэгэнт хувийнхан олон жил ашиглахгүй, дээр нь бүр нийтийн эзэмшлийн талбайгаас хумслаад байгаа юм чинь нийслэл эзэмшилдээ аваад нийтэд зориулсан цэцэрлэгт хүрээлэн байгуулах хэрэгтэй. Өнгөрсөн 15 жилийн хугацаанд уг газар хувийнхны “халаасанд” байхдаа хэмжээгээ хоёр дахин томруулсан учир орц гарц,явган зам гаргахад одоогийнхоос хэмжээ нь  жаахан багасч таарна. Гэхдээ л цэцэрлэгт хүрээлэнд хангалттай талбай.

    Төв зам дагуу тийм нэг тохитой газар байвал мөн сайхан аа.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ