
НҮБ-ын “Тогтвортой хөгжлийн зорилгууд”-ыг /ТХЗ/ хэрэгжүүлэх сүүлийн 10 жил эхэллээ. Энэхүү хөгжлийн хөтөлбөрийн зорилго нь дэлхий нийтэд тулгамдаад буй нийгмийн болон байгаль орчны асуудлуудыг шийдвэрлэхийн тулд улс төрийн шинэ бодлого, хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааг дэмжхэд оршдог.
Гэсэн хэдий ч одоогийн байдлаар гарсан ахиц дэвшлүүдийг харгалзан үзэхэд Ази, Номхон далайн бүс нутаг 2030 он гэхэд уг хөтөлбөрийн 17 зорилгын алийг нь ч амжилттай хэрэгжүүлж амжхааргүй байна гэж Азийн хөгжлийн банкнаас үзэж байна.
Сайн талаас нь харвал, Тогтвортой хөгжлийн зорилгын хүрээнд тус бүс нутагт ядуурлыг устгах, чанартай боловсролыг дэмжих, сэргээгдэх эрчим хүчийг нэвтрүүлэх зэрэг зорилгуудад хүрэх алхмуудыг хэрэгжүүлж байгаа юм.
“Хэдийгээр дээр дурдсан чиглэлд ахиц дэвшил гарч байгаа боловч 2030 он гэхэд бүх зорилгод хүрэхэд одоо хэрэгжүүлж буй арга хэмжээ хэтэрхий удаашралтай байна” гэж НҮБ-аас үзжээ. Ази, Номхон далайн бүс нутагт хагас тэрбум орчим хүн (479 сая) хоол хүнсний дутагдалд орсон хэвээр байна.
НҮБ-аас гаргасан тайлангаас үзэхэд, Тогтвортой хөгжлийн зорилгын өлсгөлөнг зогсоох зорилгод хүрэхийн тулд 2030 оны арванхоёр дугаар сар хүртэл сар тутамд хамгийн багадаа 3 сая гаруй хүнийг өлсгөлөнгөөс ангижруулах шаардлагатай гэжээ.
Гэвч тус бүс нутагт тогтвортой хөгжлийн 17 зорилгыг хэрэгжүүлэх үйл явцын тэн хагасаас илүү хувь нь зогсонги байдалд орох юм уу буруу чиглэлд хэрэгжиж байна гэж НҮБ үзэж байна.
АНУ, БНХАУ-ын хоорондын худалдааны эхний үе шатны хэлэлцээр амжилттай хэрэгжих эсэх нь тодорхойгүй байгаа, Энэтхэг улс Бүс нутгийн хамтын ажиллагаа ба эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрээс гарсан зэргээс үүдэн тус бүс нутагт эдийн засгийн тодорхойгүй байдал үргэлжилсээр байгаа юм. Эдгээр нь дээрх асуудлыг улам даамжрахад хүргэжээ.
Азийн хөгжлийн банк /АХБ/ Ази, Номхон далайн бүс нутгийн дотоодын нийт бүтээгдэхүүн 2019 онд 5.4 хувь, 2020 онд 5.5 хувиар өснө хэмээн өнгөрсөн оны есдүгээр сард урьдчилан таамаглаж байсан хэдий ч хоёр сарын өмнөх энэ үзүүлэлтээ бууруулж, 2020 онд 5.2 хувь болж буурна гэж таамаглажээ. Харин таамаглаж байсан инфляцын төвшинг энэ онд 3.1 хувь болгож өсгөсөн байна.
АХБ-ны эдийн засгийн шинжээчид Зүүн Өмнөд Азийн олон оронд экспорт буурч, хөрөнгө оруулалтын хэмжээ багассаныг тогтоосон. Мөн Зүүн Азийн орнуудад худалдааны маргаан тэргүүтэй асуудлуудын улмаас эдийн засгийн өсөлтийн төвшин урьдчилан таамагласнаас доогуур байх төлөвтэй байна.
Тухайлбал, гахайн махны үнийг өнгөрсөн оныхтой харьцуулахад хоёр дахин өссөн нь иргэдэд хүндээр тусаж байгаа ажээ. Үүнээс гадна Энэтхэгт ажлын байр хомстож, ургац муудсаны улмаас хүмүүсийн худалдан авах чадвар буурсан байна.
Бүс нутагт үүсээд буй үнэ нэмэгдсэн, эдийн засгийн өсөлт саарсан зэрэг асуудал нь “ТХЗ”-ыг хэрэгжүүлэх таатай нөхцөл байдлыг бүрдүүлэхэд саад учруулж байгаа ажээ.
Ази, Номхон далайн бүс нутагт үүссэн энэхүү нөхцөл байдлыг залруулахын тулд 2020 онд юу хийж болох вэ?
Үүний тулд улс орнуудын Засгийн газар тогтвортой байж, макро эдийн засгийн бодлогуудыг хэрэгжүүлэх хэрэгтэй ажээ. Мөн “ТХЗ”-ыг хэрэгжүүлэхэд зориулан хөрөнгө төсөвлөх, яамдын хамтын ажиллагааг сайжруулах, бизнес эрхлэгчид, хэрэглэгчид, төрийн бус байгууллагууд, олон улсын хандивлагч байгууллагуудад хувь нэмрээ оруулах нөхцөлийг бүрдүүлж өгөх нь зүйтэй.
Дэс дараалалтай, тогтвортой, тохиромжтой зохицуулалтаар дамжуулан бизнесийн орчныг сайжруулснаар дэд бүтэц дэх хөрөнгө оруулалт нэмэгдэн тогтвортой хөгжлийн хэд хэдэн зорилгод хүрэх боломжтой.
Дэлхийн банкны мэдээлснээр, 2018 оны тавдугаар сараас 2019 оны тавдугаар сарыг хүртэлх хугацаанд БНХАУ, Энэтхэг, Пакистан, Тажикстан зэрэг орон бизнес эрхлэх нөхцөлөө сайжруулжээ.
Эдгээр улсын туршлагыг харгалзан үзэж, бусад орон дотооддоо өөрчлөлт хийх боломжтой юм.
“Brookings” хүрээлэнгийн судлаач Хоми Харас, Жон Мак Артур нар “ТХЗ”-ыг биелүүлэхэд хэрэгцээ, зарцуулалт, санхүүжилт хэрхэн нөлөөлөх талаар судалжээ. Тэд “ТХЗ”-д зориулж буй хөрөнгийг Засгийн газрын санхүүгийн бүртгэл, тайланд тусгаж, улсын төсвийг үр ашигтай зарцуулахын тулд тогтвортой, нэгдсэн санхүүгийн орчныг бүрдүүлэх хэрэгтэй гэж үзжээ. Мөн улс орнууд “ТХЗ”-ыг биелүүлэх олон улсын санхүүгийн тогтолцоог бий болгох, “ТХЗ”-ын хэрэгжилтэд түлхэц болохын тулд олон улсын түншүүдтэйгээ нягт хамтран ажиллах шаардлагатай гэж үзсэн байна.
Хэдийгээр Ази, Номхон далайн бүс нутаг “ТХЗ”-д хүрэх болоогүй байгаа боловч алдсан цаг хугацаагаа нөхөхөд 10 жилийн хугацаа байна.
Хэдий тийм ч 2030 он гэхэд зорилгууддаа хүрэхийн тулд олон өөрчлөлтийг яаралтай хийх нь зүйтэй юм. Цаг үедээ тохирсон арга хэмжээ авж хэрэгжүүлж чадах эсэхээс олон зуун сая хүний сайн сайхан аж байдал, амьжиргаа, аюулгүй байдал хамаарна.
Эх сурвалж: МАНИЛА. /Asian Development Bank Blog/.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй