
АН-ын дарга С.Эрдэнийн Хятадын Коммунист намын даргатай уулзаж буй бичлэг,сонгууийн хандив гуйж байна гэх тайлбартайгаар цахим сүлжээгээр түгсэн. Дээрх бичлэгт тайлбар хийж, мэдэгдэл гаргаснаа АН-ын дэд дарга Б.Дэлгэрмаа болон Хэрэг эрхлэх газрын дарга Сүхбаатар нар хэвлэлийн хурал хийж танилцууллаа.
Тус мэдэгдэлд…
- АН болон Хятадын Коммунист намын хамтын ажиллагааны хүрээнд 2019 оны арваннэгдүгээр сард АН-ын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ тэргүүтэй төлөөлөгчид Хятадын Коммунист намын урилгаар БНХАУ-д албан ёсны айлчлал хийсэн. Айлчлалын хүрээнд Хятадын Коммунист намын төв хорооны Улс төрийн товчооны гишүүн болон тус хорооны олон улсын харилцааны газрын дарга албаны бусад хүмүүстэй уулзаж улс хоорондын найрсаг харилцаа болон намуудын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах асуудлаар санал солилцсон.
- Хятадын Коммунист намын зүгээс дэлхийн улс төрийн намуудтай харилцаа, хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд идэвхтэй байр сууриа илэрхийлдэг. Дэлхийн улс төрийн намуудын дээд түвшний чуулга уулзалтыг зохион байгуулж ирсэн. Энэ хүрээнд Монгол Улсын улс төрийн хүчнүүд, улс төрийн намуудтай адил төвшинд харилцан хамтран ажиллаж, УИХ-д суудалтай улс төрийн намуудын төлөөлөгчдийг солилцох хөтөлбөрийг олон жил хэрэгжүүлж ирсний нэг жишээ нь АН-ын төлөөлөгчдийн БНХАУ-д хийсэн албан ёсны айлчлал юм.
- УИХ-ын сонгууль ойртсон энэ үед АН-ын нэр хүндийг унагах, АН-ын гадаад харилцаа бусад улс орны улс төрийн намуудтай хийж буй хамтын ажиллагаанд сэв сууж болзошгүй гүтгэлийн чанартай мэдээг зарим намын удирдлагууд мөн нэр хаяг тодорхой бус хаягуудаас тарааж байгааг АН-ын гишүүд, дэмжигчид эрс буруушаан эсэргүүцэж байна.
- АН-ын зүгээс бусад улс орон тэр дундаа Хятадын Коммунист намтай сайн хөршийн харилцаа, иж бүрэн стратеги түншлэлийн харилцааг намуудын хамтын ажиллагааг хэрхэн идэвхжүүлэх талаар аливаа уулзалт яриаг хийж байгаа бөгөөд сонгуулийн дэмжлэгийн тухай санхүүжилтийн талаар огтхон ч дурдаагүй яриа хэлэлцээр хийгээгүй.
Цаашид ч ийм агуулга бүхий харилцаа манай намын гадаад бодлогод огтоос үгүйг хариуцлагатайгаар хатуу мэдэгдэж байна гэжээ.
Мөн энэ үеэр улс төрийн соёлтой, бие биеэ хүндэтгэн үйл ажиллагаагаа явуулахыг АН-ын зүгээс нийт улс төрийн намуудад уриалав.
Энэ үеэр сэтгүүлчдийн асуусан дараах асуултад хариулав.
–Айлчлал, уулзалтын хүрээнд яригдсан гол асуудал юу байсан бэ. Уулзалтын үр дүн юу байв?
-Хятадын коммунист нам манай улс төрийн гол намуудтай тэгш харилцаатай байдаг. Монгол Хятадын 70 жилийн ойн хүрээнд энэ уулзалт болсон. БНХАУ-ын төрийн эрхийг барьж байгаа Коммунист намтай манай улс төрийн гол хүчнүүд байнга харилцдаг. АН-ын дарга С.Эрдэнийн хийсэн айлчлал нь хоёр жилийн өмнө яригдаж хийгдсэн айлчлал байсан. Айлчлалаар сайн хөршийн харилцааг хөгжүүлэх, улс төрийн намуудын харилцан ойлголцлыг бэхжүүлэх чиглэлээр ярилцаж, хамтран хэрэгжүүлж болох ажлуудаа ярилцсан. Хэвлэл мэдээллийн төлөөлөгчдийг Хятад Улсын хөгжилтэй танилцуулах, аялуулах талаар ярилцсан.
-Хятадын Коммунист намаас танай намд мөнгөн тусламж үзүүлж байсан тохиолдол бий юу?
–Манай нам мөнгөн тусламж авч байгаагүй. Хуулиараа хориотой шүү дээ. Тиймээс ямар ч санхүүгийн дэмжлэг авч байгаагүй. Харин манай намын гишүүн Ж.Амарсанаа эмч БНХАУ-д тусалъя гэдэг санаачилгыг гаргасан. Энэ нь АН-ын шийдвэр байгаагүй. Хятадуудаас сонгуулийн хандив, мөнгө гуйсан мэтээр гүтгэлгийн шинж чанартай мэдээлэл тарааж байна.
Шууд үзнэ үү.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй